"Торгоны зам дагуух соёлын харилцааны интерактив атлас" бүтээнэ
2018-07-17

 

Торгоны зам дагуух соёлын харилцааны интерактив атлас бүтээх шинжээчдийн уулзалт болж байна. Уулзалтад Монгол, Иран, Хятад, Турк, Грек, Казакстан, Энэтхэг, Солонгос, Орос зэрэг орны нийт 20 гаруй эрдэмтэн, шинжээчид оролцож Торгоны зам дагуух улс орнуудын хоол хүнсний үйлдвэрлэлтэй холбоотой мэдлэг, ноу-хау, соёлын харилцааны талаар хэлэлцэж байгаа юм. 


Үл итгэл, үл тэсвэрлэл, хурцадмал байдлаар тодорхойлогддог өнөөгийн даяарчлалын үед Торгоны зам нь өнө удаан хугацааны солилцооны өв, харилцан ойлголцлол болон хамтын ажиллагааны тод жишээ болж байна. Соёл хоорондын харилцан ойлголцол, энх тайванг сахихад Торгоны замын нийтлэг өвийн талаарх ойлголт зайлшгүй хэрэгтэйг шинжээчид хэлж байлаа.


Иймд ЮНЕСКО-ийн Торгоны замын онлайн платформ мэдээлэл харилцаа, технологийн өнөөгийн боломжид тулгуурлан “Торгоны зам дагуух соёлын харилцааны интерактив атлас”-ыг бүтээх төслийг эхлүүлжээ. 


Торгоны зам дагуух соёлын харилцааны интерактив атлас бүтээх шинжээчдийн уулзалтыг хүнс үйлдвэрлэл ба гастроном сэдвээр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Шинжлэх ухааны академи, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн болон ШУТИС-тай хамтран Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Баян-Говь жуулчны баазад 2018 оны 07 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин