Ажлаа хийж яваад 15 замын цагдаа амь үрэгджээ
2018-07-17
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Замын цагдаагийн албанаас алба хаагчдын ажил үүрэг, үйлсийг таниулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэх, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Бид мартахгүй” хүндэтгэлийн хурлыг өнөөдөр /2018.07.17/ зохион байгууллаа. 

 

Өнөөдөр бол Монгол Улсын цагдаагийн алба хаагчдын хувьд мартаж боломгүй өнө мөнхөд эргэн дурсах хүндэтгэлтэй өдөр юм. Монголын цагдаагийн байгууллага жил бүр “Бид мартахгүй” өдөрлөгийг зохион байгуулж, төр ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах ариун үүргээ биелүүлж яваад алтан амиа алдсан алдартнуудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсдаг.

 

Цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 70 гаруй алба хаагч  албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан байна. Амиа алдсан алба хагачид 18-аас 45 насныхан байжээ.

 

Үүнээс замын цагдаагийн албаны хэмжээнд нийт 15 алба хаагч нар үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан байна. Замын цагдаагийн албаны дарга,цагдаагийн хурандаа Д.Амарсайхан "Энэ өдрийг 2007 оноос эхлэн албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алба хаагчдаа дурсан санах өдөр болгон өдгөө 11 дэх жилдээ Монголын цагдаагийн байгууллага тэмдэглэн өнгөрүүлж байна. Албан үүргээ нэр төртэйгээр биелүүлж,мөр зэрэгцэн алхаж явсан мэргэжил нэгтэй анд нөхөд  маань алтан амиа алдсан дайчин гавьяат үйлстнүүдээ дурсан санаж,ажил үйлс хүсэл,мөрөөдлийг нь үргэлжлүүлэн явахаа илэрхийлж байна" хэмээв.

 

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийнхний төлөөллийг танилцуулж, хүндэтгэлийн зүйлс гардуулав. Өдөрлөгийн ажиллагаанд оролцогчид амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн 1 минут дуугүй зогсож “Бид мартахгүй” баримтад киног үзэж, сонирхов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Алба үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Замын цагдаагийн албаны зохицуулагч Г.Өнөрбаатар агсны ээж  Г.Дашдулам "Миний хүү 1973 онд төрсөн. Нийслэлийн 48-р сургуульд 1989 онд төгсөж засварчин жолоочоор ажиллаж байгаад 1991 онд цагдаагийн газрын дэргэдэх курсэд суралцан дараа жилээс нь СХД-ийн замын цагдаагийн албанд жолооч зохицуулагчаар ажиллаж байсан. Улмаар замын цагдаагийн дэргэдэх хамгаалалтын албанд шилжин ажилласан идэвхи зүтгэлтэй,ажилдаа дур сонирхолтой байсан. Хүү минь 1998 оны тавдугаар сарын 29-ны өдөр 25 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Хүүгийнхээ алдар нэрийг мөнхжүүлэх зорилгоор жил бүр замын цагдаагийн газрын ур чадварын тэмцээнийг ивээн тэтгэхээр "Хүүгийн буян" ХХК-ийн захирал Өнөрбаатарын аав Үржүүнаран  10 гаруй жил үйл ажилгаагаа хамтран явуулж, байршагналыг олгож хүүгийнхээ нэрийг мөнхжүүлж байсан. Миний хүүг эргэн дурсаж байдаг цагдаагийн  газрын бие бүрэлдэхүүнд талархаж байгаагаа илэрхийлж байна" гэв. 

 

Энэхүү үйл ажиллагаанд Замын цагдаагийн алба, хэлтсийн удирдлага, алба хаагчид, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын гэр бүлийн төлөөлөл оролцов.

 

Монгол улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн жилүүдэд 70 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алджээ. Үүнээс Замын цагдаагийн албаны 15 алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн байна. Тухайлбал 1961 онд Б.Надмид, 1965 онд Ё.Чимэддорж, 1969 онд Ц.Жамсран, 1970 онд Б.Дарьсүрэн, 1972 онд Ж.Лхагвасүрэн, 2001 онд Д.Ганбат, 2001 онд Д.Гансум нарын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа харамсалтайгаар амь насаараа хохирчээ. 

 

А.Ариунжаргал

Shuud.mn
Сонин хачин
Ushuu ih uheh heregtei humuuses mongo saadag llrud
2018-07-17
Po:
7 bhin
2018-07-17