Үер, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас болгоомжил
2018-07-17

Өнөөдрийн байдлаар Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Хангилцаг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, Чигж, Хархираа, Хариг, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Онон, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-40 см-ээр, Ховд гол, Мянгад сум орчимд үеийн аюултай түвшинг 30 см-ээр тус тус даван үерлэж байна.


Иймд дээр дурдсан гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Газрын усны судалгааны хэлтсээс онцгойлон анхааруулж байна.

 

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 

2018 ОНЫ 7 ДУГААР САРЫН 16-НААС 7 ДУГААР САРЫН 23-НЫГ ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 

Баруун аймгуудын нутгаар: 16-19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, 21-22-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 16-20-нд Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч, Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

 

Төвийн аймгуудын нутгаар: 16-17-нд ихэнх нутгаар, 18-19, 21-22-нд зарим газраар түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-нд баруун хойноос 12-14м/с, бусад хугацаанд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 19-20-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус хүрч хална. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

 

Зүүн аймгуудын нутгаар: 16-нд нутгийн хойд хэсгээр, 17, 19, 20, 21-нд ихэнх нутгаар, 18,22-нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21-нд ихэнх нутгаар үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус дулаан, 20-21-нд нутгийн зүүн хэсгээр 28-33 градус хүрч хална.  

 

Говийн аймгуудын нутгаар: 16-21-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21-нд баруун хойноос 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, 18-20-нд өдөртөө 30-35 градус хүрч хална.  

Shuud.mn
Сонин хачин