Энхийн төлөө ХЭЗЭЭД БЭЛХЭН
2018-07-18

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ойн баяр тохиож байна. Ойн баяртай холбогдуулан Замын цагдаагийн алба хаагчийн нэг өдрийн ажил, үүрэгтэй биечлэн танилцаж, тэдний ажлын нөхцөл байдлыг олон нийтэд сонирхуулахыг зорилоо.

 

Замын Цагдаагийн газарт /2018.07.17/ 11.00 цагийн үед очиход Замын цагдаагийн албанаас алба хаагчдын ажил үүрэг, үйлсийг таниулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэх, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх зорилгоор “БИД МАРТАХГҮЙ” хүндэтгэлийн өдрийг зохион байгуулж байлаа.

 

Энэ удаад цагдаа нарыг шүүмжилж, тэдний ажил үүрэгт хяналт тавих гэж зорьсонгүй. Харин цагдаагийн алба хаагчийн өглөөнөөс орой хүртэлх ажлын нэг өдөртэй танилцахыг зорьсон юм.

 

Зуслангийн замд осол ихээр гарч байна

 

 

Өмнө нь цагдаа байгаа газар амар тайван байдаг гэж боддог байв. Гэхдээ цагдаа хүн амар тайвныг бий болгохын тул хэрхэн цаг наргүй ажиллаж, зөрчил тэмцэл, эрсдэлтэй нүүр тулдаг болохыг мэддэггүй явсан надад цагдаагийн алба хаагчийн ажил үүрэг сонирхолтой, сүрдэм басчгүү хүнд, хэцүү санагдаж байлаа. Шуурхай алба, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн байцаах хэлтэс гэхчилэн алба хаагчдын хариуцах ажил үүрэг өөр өөр аж.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэст 12.00 цагт очив. СБД-ийн замын цагдаагийн олон нийттэй харилцах ажилтан, цагдаагийн дэслэгч А.Эрдэнэбат “Манай цагдаагийн хэлтэс нийт 61 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид өглөөний 7.30-аас оройн 21.00 цаг хүртэл ажилладаг. Шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ч ажиллана. Цаг нартай уралддаг хүмүүс шүү дээ. Энэ сарын байдлаар  өнөөдрийг хүртэл нийтдээ 113 осол хэрэг СБД-ийн замын цагдаагийн албанд бүртгэгдсэн. Өнөөдөр нийтдээ 20 орчим дуудлага бүртгэгдээд байгаа бөгөөд  ихэнх нь эд материалын хохиролтой. Хяналт шалгалт ихээр хийгдэж байгаа газрууд нь Багшийн Дээд болон Зуслангийн зам, Салхитын постууд. Ялангуяа зуслангийн чиглэлд зам тээврийн осол ихээр гарч, бүртгэгдэж байгаа учир бид хяналт шалгалтыг эрчимжүүлж, гурван цагдаагийн постыг зуслангийн зам дагуу байрлуулаад байна” хэмээн ярилаа.

 

Жолооч нар хамгаалалтын бүсийг хэрэглэхгүй замын хөдөлгөөнд оролцох, согтуугаар жолоо барих, хөдөлгөөний явцад гар утас маш их ашиглаж, анхаарал болгоомж суларсны улмаас зөрчил ихээр гаргадаг талаар замын цагдаагийн алба хаагчид хэлж байсан. Жолоо барьж байх явцдаа гар утас оролдоход л хүний анхаарал 20-30 хувиар буурдаг байна.

 

Алба хаагчид зөрчлийн хэлбэрээс хамаарч  жолоочид мөнгөн торгуулиас авхуулаад эрх хасах хүртэлх арга хэмжээг авч байлаа. Тухайлбал хамгаалалтын бүс хэрэглээгүй тохиолдолд хорин мянган төгрөгөөр торгож нэг оноо хасав. Мөн замын тэмдэг тэмдэглэгээг зөрчсөн тохиолдолд тавин мянган төгрөгөөр торгох аж. Үүнээс гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоочийн машиныг журамлаж, холбогдох эрх бүхий албан тушаалтанд шилжүүлдэг байна.

 

Тэд бороотой, цастай, үертэйд ч  ажиллана

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Удалгүй хувингаар цутгах мэт ширүүн бороо асгаж, зам дээгүүр ус нилдээ хальж урсав. Явган хүн битгий хэл автомашинтай ч явахад хэцүүхэн нөхцөл тулгарлаа. Ийм нөхцөлд ч замын цагдаа хөдөлгөөн зохицуулан, эргүүлд зогссоор л...100 айл болон Байгалийн Түүхийн Музейн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж буй замын цагдаа нар “Бороо их хэмжээгээр орсон энэ үед гэрлэн дохио тасрах эсвэл ажиллагаа доголдох тохиолдол их гардаг. Мөн ус ихээр тогтож, үер буух эрсдэлтэй үед замын ус зайлуулах нүх гэж байдаг ч ус зайлуулах хоолой, суваг муутайн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан, нөхцөл болдог. Иймд үер усны аюулаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байв.

 

17.00 цагийн үед замын хөдөлгөөн Энхтайваны гүүр, Зуслангийн зам, хойноос ирэх урсгал чиглэл бага зэрэг ачаалалтай байгааг мэдээлж байлаа. Хотын төв доторх зам тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилсээр...Харин зуслан болон хөдөө орон нутагт чиглэсэн тээврийн хэрэгсэл олширсоор байгааг алба хаагчид хэлж байв.

 

Биднийг явахад замын цагдаагийн алба хаагчид үүргээ биелүүлсээр үлдсэн юм. Бороотой, цастай, салхитай шуургатай, үертэйд ч ард иргэдийн энх тунх, амар тайваны төлөө цаг наргүй ажилладаг цагдаагийн алба хаагч нартаа Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин