Европын холбоо, Японтой ТОМООХОН худалдааны гэрээ байгууллаа
2018-07-18

Япон болон Европын холбооны эрх баригчид олон жил яригдсан худалдааны гэрээгээ амжилттай байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абе өчигдөр Токио хотноо Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Туск, Евро комиссын тэргүүн Жан Клод Юнкерийг хүлээн авчээ. 

 

 

Дээрх худалдааны гэрээ байгуулагдснаар бүх бараа бүтээгдэхүүний импортын татварыг тэглэхээр боллоо.

 

Ийнхүү япончууд Европын дээд зэрэглэлийн дарс, амттан, бяслаг, бэлэн хувцас, цүнх болон эмийн бүтээгдэхүүнийг хөнгөлттэй үнээр худалдан авах боломж нээгдэв. Харин европчууд Японы загас, загасан бүтээгдэхүүн, үхрийн мах, жимс жимсгэнэ болон дэлхийд чанараараа гайхуулж буй машин, цахилгаан бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр авахаар боллоо.

 

Гэрээний дагуу дэлхийн эдийн засгийн гуравны нэг орчмыг хамарч, улмаар 600 сая гаруй иргэнд үйлчлэх гэнэ. Японоос Европ руу экспортлох нийт барааны татвараас 99 хувь хүртэл хөнгөлөх бол Европоос Япон руу нийлүүлэх бараануудын татварыг 94 хувь хөнгөлөхөөр дээрх гэрээнд тусгажээ. Оны төгсгөлд 94 хувийг 99 хувь болгох боломжтой гэнэ.

 

 

“Зогсонги байдалтай байгаа улсын эдийн засаг дахин эрчимтэй урагшлахаар боллоо” хэмээн Ерөнхий сайд Абе хэвлэлийн хурлын эхэнд мэдэгдэв.

 

Хоёр тал өнгөрсөн 2013 онд худалдааны гэрээ байгуулахаар тохиролцсон бөгөөд энэ оны эхээр гэрээний заалтуудыг харилцан хэлэлцэж, улмаар өчигдөр гэрээгээ үзэглэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин