Д.Батчимэг: Авах боломжтой бүхий л медалийг цуглуулсан
2018-07-19

Өөрийн “ Ingaa’s art gallery”-гаа нээсэн залуу зураач Д. Батчимэгтэй ярилцлаа.

 

 

-Анх хэзээнээс уран зураг сонирхох болсон бэ? Энэ тухайгаас яриагаа эхлэх үү?

 

-Би багаасаа зураг зурах хоббитой хүүхэд байсан болохоор уран зураг сонирхож зурж эхэлсэн. Манайд хэдийгээр урлагийн хүн байхгүй ч намайг маш сайн дэмжиж өгдөгт нь их баярладаг. Уран зургаар зургаа дахь жилдээ тасралтгүй хичээллэж байна даа.

 

-Зураач мэргэжилтэй юу? Хаана боловсрол эзэмшсэн бэ?

 

-Би Увс аймгийн Улаангом хотод төрсөн. БНХАУ-д сурч байгаад ахлах ангидаа Увс аймгийн нэгдүгээр цогцолбор сургуульд сурч төгссөн. Одоо архитектур мэргэжилтэй. Багадаа их олон тэмцээнд ордог байсан. Яагаад тэмцээн уралдаанд улайраад байдаг байснаа одоо ч өөрөө ойлгоддоггүй. Бүтээлийн тэмцээнд Ингаа, Батчимэг гэх хоёр нэрээр 1,2-р байр эзэлсэн удаа зөндөө бий. Улс аймагт авах боломжтой бүх медалыг цуглуулсандаа. Одоо бол шагнал ерөөсөө сонирхол татахаа больсон.

 

-Архитектур мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?

 

-Хэдэн жилийн дараа мэргэжлээрээ ажлаад явна байх даа. Хамгийн сайхан нь би өдөр шөнөгүй зураг зураад, ажиллаад байдаг ч хэзээ ч стрессдэж ядарч байгаагүй ээ. Энэ нь л надад гоё санагддаг.

 

-Тэгвэл хэн таныг уран зурагт уруу татав?   

 

-Ээж маань юм болов уу /инээв.сур/. Зураг зурахад сэтгэл зүй маш чухал байдаг шүү дээ. Ээж маань зураг муухай болчихвол муухай зурлаа гэж гоочилдоггүй үргэлж урмын үгийг хэлж, намайг дэмждэг байсан. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор урмын үгэнд би маш их дуртай.

 

-Саяхан өөрийн урлангаа нээлээ. Үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-“ Ingaa’s art gallery”-гаа энэ сарын 1-нд нээсэн. Энэхүү урлангаар дамжуулан VIP wine болон Art хосолсон сургалтаа өдөр болгон явуулж байна. Хажуугаар нь өөрөө уран бүтээлээ урландаа гаргадаг.  Сөн уран зургийн худалдаа явуулдаг. Галлерейг маань миний эгч Дэлгэрмаа гэдэг эмэгтэй нээж өгсөн. Хятадад эгчтэйгээ олон жил болсон болоод ч тэр юм уу илүү ойр дотно байдаг. Миний эгч хатан ухаантай эмэгтэй байдаг. Засварын ажил хийж байхад өдөр шөнөгүй л ирж тусалдаг байсан. Нялх хүүхэдтэй хирнээ надад тийм их сэтгэл гаргадагт нь баярладаг одоо эгч маань галлерейн менежерээр ажилладаг. Ийм л мундаг эгчтэй хүн дээ эгчээрээ маш их бахархдаг.

 

-Ингаа гэж нэрлэсэн нь ямар учиртай вэ?

 

-Аав ээжийн маань хочилж өгсөн нэр. Багадаа ингаа ингаа гэж уйлсаар байгаад Батчимэг гэхээсээ илүү Ингаа гэдэг нэрээр хүмүүс таньдаг. Би энэ нэрэндээ их хайртай.

 

-Зургандаа ямар хэв шинж, сэдэл санаа агуулахыг зорьдог вэ?

 

-Монгол хэв шинжийг агуулсан зураг ихэвчлэн зурдаг. Ерөнхийдөө зураг зурахдаа зохиомж талдаа илүү их анхаарна.

 

-Нэг уран бүтээл гаргахдаа хичнээн цаг хугацаа зарцуулдаг вэ?

 

 -Нэг зураг эхлүүлсэн бол дуусгахгүй л бол санаа амардаггүй. Хоёр шөнө нойргүй хоноод ч хамаагүй заавал дуусгаж байж л амардаг юм. Зургийн хэмжээнээс шалтгаалаад зурах хугацаа өөр өөр байдаг.

 

-Урын сандаа хичнээн бүтээлтэй вэ?

 

-Зурсан зургуудаа тоолж үзээгүй ээ. Уран бүтээлүүд маань бүгд зарагдаад  дууссан.

 

-Зураг зураад сууж байхдаа юу мэдэрдэг вэ?

 

-Уран зураг бол харах яруу найраг. Өөрйин төсөөлөлд байгаа зүйлээ бусдад харуулна гэж бодхоор бүр догдлон зураад л байдаг. Дотроо хүмүүс миний уран бүтээлийг яаж хүлээж авах бол гэж их боддог.

 

-Өмнө нь “18 нас” уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан байх аа?

 

-Тийм ээ. Төрсөн өдрөөрөө “Best art gallery”-д 18 насандаа зурсан 20 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргасан. Анхны гэдэг утгаараа маш их сургамж авч, олон танилтай болж, амьдралд минь дурсамж үлдсэн.

 

-Уран бүтээлчдэд шантрах үе байдаг. Харин таны хувьд?

 

 -Маш их шантрах үе байсан. Хүмүүсийн хэл амнаас ялангуяа их эмзэглэж явдаг. Яг зураачаар сураагүй бие даагаад өөрийгөө хөгжүүлж явдаг болохоор шүүмжлүүлэх үе зөндөө л байдаг. Гэхдээ шүүмжлэл биш басч, доромжилсон тиймэрхүү юманд естой дургүй.

 

 

-Таны хувьд аз жаргал гэж юу вэ?

 

-Найзыгаа өнгөрснөөс хойш их ухаан суусан. Зүгээр л дэргэд амьд сэрүүн байгаа нь хүртэл аз жаргал байдаг юм байна лээ. Эд хөрөнгө ямар их нэр хүнд байсан ч жаргал болдоггүй гэдгийг маш сайн ойлгосон.Гэр бүл дотны хүмүүс минь эрүүл саруул байхад л аз жаргалыг мэдэрдэг дээ. “Бид 4” хамтлагийн Маргад найзыгаа заавал дурсмаар байна. Найзыгаа өнгөрсөнд нь одоо ч гэсэн итгэж өгдөггүй. Хотын хаа нэгтээ ажилтай завгүй яваа юм шиг л санагддаг. Монгол улсын зураач Ингаа гэж байнга дууддаг байж билээ хэрэгтэй үед гүйгээд л ирдэг тийм л найз байсан.Найзыгаа үнэхээр их санадаг.

 

-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

 

 -Чамайг гомдоосон газар битгий эргэж оч.

 

Ярилцсанд баярлалаа.

Ч.Нандинцэцэг

Shuud.mn
Сонин хачин