“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэнгийн нээлт боллоо
2018-07-20

 

ӨМӨЗО дахь Монгол улсын иргэдийн нийгэмлэг, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас жил бүр Монгол Хятад улсын найрамдалт хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулдаг билээ. Уг уралдааны сэдвийг зохион байгуулагч талуудаас сонгодог бөгөөд энэ жилийн хувьд “ Байгаль дэлхийгээ хамгаалья” сэдвийн дор зохион байгуулагдсан байна. Хүүхдийн урлан бүтээх чадварыг нэмэгдүүлэх, тэдний сэтгэлгээг хөгжүүлэх  зорилгоор дээрх сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд энэ оны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр шилдгүүдэд шагналыг гардуулан өгсөн байна. Уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, өнөөдөр /2018.07.20/ нээлтээ хийлээ. 

 

Долоо дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү уралдаанд 6-17 насны хүүхдүүдийн 1003 бүтээл ирснээс ангилал тус бүрт 22 хүүхэд шалгарчээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, ӨМӨЗО дахь МУ-ын иргэдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Д. Гантөгс, Б.Давааням болон Хөх хотын Туршилтын Үндэсний Сургуулийн Монгол улсын сурагчдыг хариуцан ирсэн багш Улаанаа нар оролцлоо.

 

Хүүхдийн Урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг "Улс орны зан заншил, уламжлал гээд бүгд байгаль дэлхийтэйгээ уялдаа холбоотой байдаг. Өнөөдөр яг хэрэгтэй цаг үед нь “Байгаль дэлхийгээ хамгаалья” гэсэн маш чухал сэдвээр хүүхдүүдийг уриалсан үзэсгэлэнг зохион байгуулж байгаа Монгол улсын иргэдийн нийгэмлэгт талархал дэвшүүлье. Цаашдаа бид бүхэн байнга хамтран ажиллах болно. Мөн хүүхдийн хөгжил гэдэг улс орны ирээдүй байдаг тул Монгол улсын ирээдүйн хөгжлийн төлөө бид бүхэн үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдэгтээ итгэлтэй байна" гэв.

 

 

Уг уралдаанд оролцсон н.Алтан-Үйлс "Би ӨМӨЗО-ны Туршилтын Үндэсний сургуулиас ирсэн. Энэ үзэсгэлэнд би “Эх дэлхийгээ хамгаалья” сэдэвт зурагаараа оролцсон. Яагаад гэвэл Эх дэлхий бол олон улс бүрийн хүмүүс хамгаалах хэрэгтэй зүйл юм. Мөн энэ дэлхийн бөмбөрцөг бол энэ дэлхийн бүх хүмүүсийн амьдарч байгаа орчин юм" гэлээ.

 

 

Ч.Нандинцэцэг

Shuud.mn
Сонин хачин