Хуучин хэвлэх үйлдвэрийн барилгад гал гарчээ
2018-07-23

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Хуучнаар "Улаанбаатар Таймс сонины Хэвлэх үйлдвэр"-ийн байранд өнөөдөр /2018.07.23/ гал гарчээ. 

 

Галын дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын гурван ангийн алба хаагчид ажиллаж, галыг унтраасан байна. Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас болж гал гарсан гэж албаныхан дүгнэжээ. 

 

Онцгой байдлын алба галыг унтраахаар ажилласан бол  цагдаагийн алба хаагчид аюулгүй байдлын үүднээс хамгаалалтанд гарч ажилласан байна.

 

Эргэн сануулахад Төрийн ордны зүүн талд байрлах, хуучнаар “Улаанбаатар Таймс сонины Хэвлэх үйлдвэр”-ийн энэхүү барилгыг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 онд нээлттэй дуудлага худалдаанд оруулсан. “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийг хувьчлах нээлттэй дуудлага худалдаагаар  Монгол Улсын иргэн Абдул Карин 24 тэрбум төгрөгөөр барилгыг худалдан авахаар болсон. Тэрбээр дэнчин болох 715 сая төгрөгийг байршуулаад байсан ч өөрийн хүсэлтээр худалдан авах гэрээгээ цуцалсан билээ.  Ингэж Абдул Карим татгалзсанаар дуудлага худалдааны журмын дагуу “Таван богд” группын захирал Ц.Баатарсайханд хэвлэх үйлдвэрийн газрыг авах боломж бүрдсэн юм.

 

Тэрбээр дэнчин болох 715 сая төгрөгийг улсын орлогод төвлөрүүлж худалдах, худалдан авах гэрээг хийн,  23 тэрбум 850 сая төгрөгийг бүрэн төлж, газар эзэмших 60 жилийн эрх Ц.Баатарсайханд шилжих юм.

 

Ингэснээр хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр  "Таванбогд" компанийн галерейн барилга баригдаж, дуусах шатандаа ороод байгаа билээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин