Ой найман сартай хүүхэд ч цэцэрлэгт элсэж болно
2018-07-24

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт хамрагдах 146 мянга орчим хүүхэд байгаа. Үүнээс 114 мянган хүүхдийг төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт цэцэрлэгт сургуулийн өмнөх насны 114 мянган хүүхдийг хамруулах төлөвтэй байгаа юм байна.

 

Энэ жил цэцэрлэгт 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл хугацаанд төрсөн хоёр настай хүүхдүүд хамрагдана. Хараахан хоёр нас хүрээгүй хүүхдүүд жил жилийн намар цэцэрлэгт элсэж чадалгүй гэртээ үлдэх нь бий. Энэ асуудлыг эргэн нэг харж, шийдвэрлэхийг эцэг, эхчүүд албаныхнаас хүссээр ирсэн.

 

Тэгвэл энэ жил хараахан хоёр нас хүрээгүй хүүхдүүд ч цэцэрлэгт бүртгүүлж, элсэх боломжтой гэдгийг Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ.

 

Ирэх есдүгээр сарын 1-нд таны хүүхэд хараахан хоёр нас хүрээгүй, хоёр нас хүрэхэд хоёр гурван сарын хугацаа дутуу байсан ч tsetserleg.ulaanbaatar.mn гэсэн цахим сайтад хүүхдээ бүртгүүлэх боломжтой юм байна. Дараа нь санамсаргүй түүврийн аргаар явагдах цахим элсэлтээр сонгогдсон тохиолдолд хүүхдээ хоёр нас хүрсэн тухайн сард нь харъяа дүүргийн элссэн цэцэрлэгтээ хамран сургах боломжтой юм.

 

Тухайлбал хүүхэд нь аравдугаар сарын 12-нд төрсөн байлаа гэхэд долоодугаар сарын 25-наас эхлэх цахим бүртгэлд хүүхдийнхээ нэрийг оруулж баталгаажуулна. Мөн наймдугаар сарын 24-нөөс явагдах цахим элсэлтээр тухайн хүүхэд сонгогдвол ирэх аравдугаар сарын 12-нөөс буюу хоёр нас хүрсэн өдрөөс эхлэн элссэн цэцэрлэгтээ суралцах бүрэн боломжтой аж.

 

 

Цэцэрлэгийн "Цахим бүртгэл” 2018 оны 07 дугаар сарын 25-ны 09:00 цагаас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагийг дуустал 30 хоног үргэлжилнэ.

 

Бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn системд нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарна.

 

Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.

 

Хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоонөнгийн товч дээр дарна.

 

Таны гар утсанд бүртгэлийн 5 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.

 

Харин “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 24-ний БААСАН гаригийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана.“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалаагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн tsetserleg.ulaanbaatar.mn системийн “Шалгах”цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгтээ элссэн эсэхийг шалгах боломжтой.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин