Гэрээт малчдыг нийгмийн даатгалд хамруулна
2018-07-26
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Гэрээт малчин, гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих ” зэрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, туршилт хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлэх талаар мэдээлэл хийв.

 

Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас дараах 6 хөтөлбөрийг  улсын хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Үүнд:

 

  1. Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр
  2. Ажлын байрыг дэмжиих хөтөлбөр
  3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр
  4. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
  5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр
  6. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг хөтөлбөр юм.

 

Үүнээс гадна зорилтот туршилтын төслүүдийг хэрэгжүүлж эхлэх юм байна. Энэ онд гэрээт малчин, өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төслийн хүрээнд гэрээгээр мал маллах 520 гаруй гэр бүл, зохион байгуулалттай ажлын байр туршилтын төсөлд хөдөлмөр эрхлэх 400 орчим иргэд ажлын байртай, тогтмол орлоготой болох урдьчилсан тооцоотой байгаа аж.

 

ХНХЯ-ны сайд С.Чинзориг “Бид гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, зохион байгуулалттай ажлын байр гэсэн хөтөлбөр, төслүүдийг туршилтаар хэрэгжүүлнэ. Энэ төсөл үр дүнгээ өгвөл дараа жилээс албан ёсоор хэрэгжүүлж эхэлнэ. Гэрээт малчнаар ажиллаж байгаа залуучуудыг тодорхой хэмжээний мал маллах арга ухааны сургалтад хамруулах мөн ажил олгогч, малчин хоёрын дунд  хөдөлмөрийн гэрээ байгуулах арга хэмжээг зохион байгуулна. Гэр бүлээрээ явж байгаа учраас гэр бүлийн хүнд нь  цалин хөдөлмөрийн хөлснөөс доошгүй хэмжээний цалинг олгох, нийгмийн даатгал, шимтгэлийг нь төлөх зэрэг үүргийг гэрээт малчинг ажиллуулж байгаа аж ахуй нэгж, иргэн хүлээнэ” гэлээ.

 

Түүнчлэн “Зохион байгуулалттай ажлын байр” төслийн хүрээнд орон нутагт ажилгүй байгаа залуучууд өөрсдийн ур чадварт түшиглээд, байгуулж буй жижиг дунд үйлдвэр, хоршоолол байгуулвал  дэмжихээ илэрхийлэв.

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин