Д.Цогтбаатар: Монголд шашин шүтлэгийн эрх чөлөө суурь үнэт зүйлсийн нэг
2018-07-30

Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын олон улсын анхдугаар бага хурал АНУ-ын Вашингтон хотноо 2018 оны 7 дугаар сарын 26-нд болов. Хурлыг нээж АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар үг хэлэв. Хурлаар дэлхий дахинд өрнөж буй шашин шүтэх эрх чөлөө, тулгараад буй бэрхшээл, шашны урсгал, бүлгүүдийн эсрэг ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох, шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэх явдлыг дэмжих болон цаашид авах арга замыг тодорхойлох асуудлыг хэлэлцэв.

 

 

Бага хурлын үеэр хэлсэн үгэндээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэхүү хурал нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байгааг онцлоод, өнөөдөр дэлхий дахинд олон мөргөлдөөн гарч байгаагийн ихэнх нь шашин болоод шашны урсгалуудын ялгаатай байдлаас үүдэж байгаа бөгөөд мөргөлдөөнийг таслан зогсоох, ирээдүйд сэргийлэхэд шашны урсгалуудын ялгаа, шашны ойлголтын талаар судлах, танин мэдүүлэх, мэдлэг олгохын чухлыг тэмдэглэв. Тэрээр мөн хурлыг санаачлан зохион байгуулж буй америкийн талд баяр хүргэв.

 

Түүнчлэн Монголчууд эрт дээр үеэс олон шашинд адил тэгш хандаж, сүсэг бишрэл, шашин шүтлэгийн эрх чөлөөг хүндэтгэж ирсэн, өнөөдөр ч ардчилсан Монгол оронд шашин шүтлэгийн эрх чөлөө нь суурь үнэт зүйлсийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд үнэмлэхүй түвшинд хүрсэн тухай танилцуулав. Шашин шүтэх эрх чөлөөг дээдэлж буй сайн туршлагыг судлах, судалгааны ажил хийх, мөн шашин шүтэх эрх чөлөөний асуудлаар сэдэвчилсэн эсвэл бүс нутгийн хурал зохион байгуулах саналыг Д.Цогтбаатар сайд дэвшүүлэв.

 

Шашин шүтэх эрх чөлөөг дэмжих асуудлаарх Сайд нарын Олон улсын анхдугаар бага хуралд Казахстан, Тайланд, Унгар, Монтенегро, Серби зэрэг улсын Гадаад хэргийн сайд, Олон улсын байгуулагуудын төлөөлөл, Олон улсын иргэний нийгмийн байгууллага болон шашны тэргүүн нар оролцов.

Shuud.mn
Сонин хачин