Трамп: Рухани надтай уулзвал Ким Чен Ун шиг бодлоо өөрчлөх болно
2018-07-31

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордондоо Италийн Ерөнхий сайд Жузеппе Контег хүлээн авч, олон улсад тулгамдаж буй зарим асуудлаар ярилцсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Удирдагчид уулзалтын дараа хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэр Ерөнхийлөгч Трамп сүүлийн үед таарамжгүй харилцаатай байгаа Ираны Ерөнхийлөгч Хассан Руханитай уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

 

Трамп үргэлжлүүлэн “Ираны Ерөнхийлөгч хүсвэл хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт зохион байгуулахад бэлэн байна. Миний хүсэлтийг Тегеран хүлээн авна гэдэгт итгэлтэй байгаа. Ямар ч нөхцөлгүйгээр хаана, хэзээ ч уулзахад бэлэн гэдгээ дуулгахад таатай байна” гэж хэлжээ.  

 

“Би Ерөнхийлөгчөөр сонгогдоод өмнөх Ерөнхийлөгч нарынхаа хийж чадаагүй олон уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Хойд Солонгосын удирдагчтай уулзаж, тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаар болсон мөн ОХУ, АНУ-ын харилцаа сайжирч эхэлснийг Ерөнхийлөгч Путин онцлосон” гэж Трамп мэдэгдэв.

 

Трамп өнгөрөгч тавдугаар сард сонгуулийн амлалтынхаа нэгээхэн хэсэг болсон “Ираны цөмийн хэлэлцээр”-ээс гарч буйгаа мэдэгдэж, тус улсын эсрэг хатуу хориг хэмжээ авахаар болсон юм. Уг үйл явдлын улмаас хоёр улсын харилцаа ХУРЦДАЖ эхэлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин