Цэргийн их наадамд оролцогчид тэмцээнээ амжилттай эхлүүллээ
2018-08-01

Цэргийн дөрөвдүгээр их наадам энэ сарын 28 ны өдөр Москва хотын “Алабино” дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний сургалтын төвд нээлтээ хийлээ.

 

 

Манай улсын Зэвсэгт хүчнээс “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, Беларусь улсад зохиогдож буй “Мэргэн буудагчийн зааг” гэсэн төрлүүдэд оролцож байгаа бөгөөд тэмцээнүүдээ амжилттай эхлүүлээд байна.

 

“Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээнд ОХУ, Беларусь, БНХАУ, Армен, Азербайджан, Иран, Казахстан улсад 28 төрөлд дэлхийн 33 улсын 5000 орчим тамирчид оролцож байна.

 

Цэргийн 4 дүгээр их наадам гэгддэг уг тэмцээний нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу болон, тэмцээнд оролцогч орнуудын ОХУ-д улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт сайд, Батлан хамгаалахын атташе, хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.

 

“Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо” тэмцээний төрлүүдэд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид сугалаа ёсоор энэ сарын 30-ны өдөр тэмцээнээ эхлүүллээ.

 

Манай танкчдын хувьд 4 дэх жилдээ оролцож байгаа бөгөөд туршлагатай залуусаар багаа бүрдүүлсэн. Ахлах дэслэгч Равдангийн Ариунболдоор ахлуулсан танкийн нэгдүгээр экипаж Венесуель болон Лаос, Ангол улсын багтай эхний гараанд уралдлаа. “Танкийн биатлон” тэмцээнд оролцогч багууд хамгийн бага хугацаанд 4,1 км замыг туулж цэг бүрт оноогдсон 5 байг амжилттай устгаж барианд орж ирсэн баг тэргүүлдэг. Монголын танкчид 5 байг бүрэн устгаж 25 минут 10 секундын хугацаанд даалгавараа гүйцэтгэн өөрийнхөө гараанд тэргүүллээ.

 

Одоогийн байдлаар 30 экипаж уралдсанаас 8 дугаар байрт шалгараад байна. Хоёрдугаар экипаж 8 дугаар сарын 3-ны өдөр мөн адил Венесуель болон Лаосийн 2 дугаар багтай уралдана. Гуравдугаар экипаж 8 дугаар сарын 5-ны өдөр тэмцээний ганцаарчилсан төрлийн сүүлийн гараанд Венесуель болон Лаосийн багтай уралдана.

 

“Хээрийн гал тогоо” тэмцээнд цэргийн тогооч нар 4 төрлөөр оролцож байна. Тэмцээн энэ сарын 30 –ны өдөр 100 метрийн буудлагаар тэмцээнээ эхлүүллээ. 12 улс тус бүрий 4 тогооч 3 сум гарган буудсанаас манай улсын цэргийн тогооч нар өөрийн хэсэгтээ 6 орноос 3 дугаар байранд шалгарч дараагийн шатны тэмцээнээ явуулах эрхээ авч чадлаа. “Хээрийн гал тогоо” тэмцээн ирэх өдрүүдэд хар хайрцаг, талх нарийн боов, хоолны төрлүүдээр үргэлжилнэ.

Shuud.mn
Сонин хачин