Хятад “ВВС” агентлагийг БЛОКЛОВ
2018-08-08

БНХАУ-ын эрх баригчид иргэдээ Британийн “ВВС” агентлагийн цахим сайт руу нэвтрэхийг хориглосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. “ВВС” сайт саяхан “HTTP”-ийг “HTTPS” интернетийн протоколоор сольсон юм.

 

 

Бээжингийн удирдлагууд “HTTPS” протоколтой сайтуудыг үргэлж хаадаг юм. Учир нь “HTTPS”-оор дамжуулагдаж буй мэдээлэл, зураг зэргийг дундаас нь зогсоож, устгах боломжгүй аж.  

 

Ийнхүү хятадын олон сая иргэн “ВВС” агентлагийн мэдээллийг цаг тутам хүлээн авах боломжгүй боллоо.

 

“Хуурамч мэдээ мэдээлэл түймэр мэт хүчээ авч, олон сая уншигчийг төөрөгдүүлж буй. Тиймээс бид энэ бүхэнтэй тэнцэхийн тулд “HTTPS” протоколыг нэвтрүүлж, хуурамч мэдээлэлд хяналт тавихаар болсон. Цахим халдлага, хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдахаас “HTTPS” протокол хамгаална” хэмээн “ВВС” агентлаг мэдэгдээд “Бээжингийн шийдвэрт үнэхээр харамсч байна” гэв.

 

Тус агентлаг хятад хэрэглэгчдээ хандан хувийн сүлжээ үүсгэх, гар утасны “Psiphon” апплейкшныг ашиглан, цаг алдалгүй мэдээ, мэдээллийг нь хүлээн авахыг уриалжээ. 

 

“HTTP” протокол бол текст, график, дүрс, хөгжим, видео, мультимедиа зэрэг файлуудыг дамжуулахад зориулсан бол  “HTTPS” дамжуулагдаж буй файлуудыг кодлож, мэдээлэл алдагдахаас сэргийлдэг байна.

 

Хятад 2014 онд “ВВС” агентлагийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоож байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин