Экс тагнуулчийн хэргээс болж АНУ, ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаа зарлалаа
2018-08-09

ОХУ-ын тагнуулын экс ажилтан Сергей Скрипал охиныхоо хамтаар энэ оны эхээр Британид химийн зэвсгийн халдлагад өртсөн.

 

 

Тэднийг дайны үед ашиглаж байсан “Новочик” гэх химийн бодисоор хордуулсан болохыг Британийн эмч нар тогтоосон бөгөөд хэдэн сарын өмнө тагнуулчийн охин эмнэлэгээс гарчээ. Харин тагнуулч эр өнөөг хүртэл ухаангүй байна.

 

Тэгвэл уг хэргийн ард “ОХУ бий” хэмээн АНУ-ын Засаг захиргаа үзэж, Кремлийн эсрэг шинэ хориг тавьж буйгаа өчигдөр зарласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

АНУ-ын Төрийн Департмент “ОХУ-ын эрх баригчид химийн зэвсгээс татгалзах олон улсын гэрээг ноцтой зөрчсөн учир бид хариу арга хэмжээ авахаар болсон” гэж мэдэгджээ.

 

ОХУ-ын эсрэг ямар хориг хэмжээ авахаар төлөвлөж буйгаа Вашингтон зарлаагүй ч “шинэ хориг энэ сарын 23-наас хүчин төгөлдөр үйлчилнэ” хэмээн ойрын эх сурвалж “CNN” агентлагт ярьсан байна.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин экс  тагнуулчийн асуудлаар хэд хэдэн удаа байр сууриа хүргэж байв. Тэрбээр “Тагнуулчийг бид хөнөөгөөгүй. Европын орнууд өөрсдийн зохиосон үлгэртээ итгээд хэцүүдлээ. Хийгээгүй хэргийнхээ төлөө бид тааварлахын аргагүй хүндхэн байдалд орлоо” хэмээн мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн сард Хельсинк хотноо Трамптай уулзах үеэрээ өөрийн байр сууриа хүргэсэн удаатай.

 

“Новочик”-ийн асуудлаас болж АНУ, Британи тэргүүтэй 22 орон ОХУ-ын 100 гаруй дипломат ажилчдыг нь хөөсөн билээ.

 

Британид өнгөрөгч сард мөн “Новочик”-т Британийн хоёр иргэн хордож, 44 настай эмэгтэй амиа алдсан билээ. Уг хэргийг шалгаж буй бөгөөд хэргийн үйлдэгч нь НУУЦ байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин