Рухани: Ким Чен Ун АНУ-д итгэх хэрэггүй
2018-08-10

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Иран улсад хийж буй гурван өдрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Хассан Руханитай уулзсан талаар “KCNA” агентлаг мэдээллээ.

 

 

Хоёр тал олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй цөмийн хөтөлбөрийн талаар ярилцсан байна.

 

Хойд Солонгос, Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө болж олон улсаас байнга шүүмжлэл авдаг бөгөөд АНУ үргэлж ДАРАМТ үзүүлдэг гэхэд болно.

 

Сайд “АНУ, Хойд Солонгосын удирдагч нар өнгөрсөн зургаадугаар сард Сингапурт уулзсан. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаар болсон. Шат дараатай алхмуудын хүрээнд хоёр улс өмнө нь байгаагүй найрсаг харилцаатай боллоо” гэж хэлжээ.

 

Уг мэдэгдлийн дараа Тегераны тэргүүн Хойд Солонгосын удирдлагуудад хандан “АНУ итгэх хэрэггүй. АНУ-ын эрх баригчид улс орнуудын өмнө хүлээсэн үүргээ хэзээ ч биелүүлж байгаагүй. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсоосон өдөр Солонгосын хойг эрсдэлд орно. Тиймээс бид холбоогоо бат болгож, хамтран ажиллах нь зүйтэй” хэмээн сануулав. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сард Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс гарч буйгаа илэрхийлэн, тус улсын шинэ хориг тавьсан. Уг хоригийн эхний шат энэ сарын 23-наас хэрэгжиж эхэлнэ. “Хоёр дахь шатны хориг ирэх арваннэгдүгээр сараас хэрэгжиж магадгүй” хэмээн албаныхан өгүүллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин