Марафонд оролцохоор Япон улсаас 100 гүйгч иржээ
2018-08-10

Тал нутгийн Монгол марафон гүйлт энэ сарын 19-нд Богдхан уулын Шавартын аманд болно. Энэ талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын хөнгөн атлетикийн холбооноос жил бүр Тал нутгийн Монгол олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Тус тэмцээн энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй нь энэ юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тэмцээний хамгийн холын зай нь хагас марафон буюу 21 км бөгөөд 10, 5, 3 км-ын зайд насан хүрэгчид, өсвөрийн тамирчид, ахмадууд уралдах аж. Тэмцээнд гадаад, дотоодын 1000 гаруй гүйгчид оролцоно. Зөвхөн Япон улсаас 100 гаруй хүн ирж, оролцож байгааг зохион байгуулагчид хэллээ. Мөн Тайланд, Малайз, Непал, Хятад, АНУ зэрэг улсаас гүйгчид ирсэн байна.

 

Энэ жилийн тэмцээнд анх удаа уулын гүйгчид оролцох юм байна. Богдхан уулын Шавартын амнаас эхэлж, Төр Хурах, Цэцээ гүн, Манзуширын хийд, Зүүн ширээт, Дугуй цагаанаас Зайсан толгой хүртэл нийт 50 км-ын зайд уулын гүйгчид оролцохоор бүртгүүлжээ.

 

Тэмцээний 50 км-ын уралдаанд түрүүлсэн гүйгчийг олон улсын уулын жимийн гүйлтэд оролцох бүх зардлыг нь ивээн тэтгэгч компани даах юм байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин