Шинэ харцага Н.Золбоо Монголын багийн тугчаар ажиллана
2018-08-13

“Жакарта-2018” Азийн зуны спортын 18 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд боллоо. Азийн наадамд оролцох баг тамирчид, дасгалжуулагч, шүүгч, багийн ахлагчид бусад албаны хүмүүс оролцсон юм. “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин П.Орхон тамирчдын тангарагийг өргөсөн юм.

 

 

Түүнчлэн Жакартагийн Азийн наадмын Монголын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, тугчаар үндэсний бөхийн улсын отгон харцага, чөлөөт бөхийн ОУХМ Н.Золбоо нар ажиллах юм.

 

 

Манай чөлөөт бөхийн баг тамирчид пүрэв гаригт Индонезийг зорих бөгөөд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо, 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 76 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар зодоглоно.

 

 

Багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч П.Гансүх, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Л.Болормаа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм. Чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 19-22-нд “Jakarta Convention Center”-т болно. Монголын чөлөөт бөхийн тамирчид “Тегеран-1974” Азийн наадмаас эхлэн оролцсон бөгөөд 10 алт, 16 мөнгө, 22 хүрэл, нийт 48 медаль хүртээд байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Чөлөөтийн бөхчүүдээс Бэхбаяр Орхон хоёр л тун сайн барилдах байх.Ер нь бол Монголчууд ази тивдээ чөлөөт бөхөөр тун сайн шүү дээ.
2018-08-13
зочин:
Чөлөөтийн Мандахнаран одоо ахмад харьж яваа бөх болсон дээр нь бас өөрийнхөө үндсэн жин 65кг биш 74кг-д барилдах болохоор амжилт үзүүлэхэд маш хэцүү. Чөлөөт бөхийн хамгийн эвгүй хэцүү жин бол 74кг шүү дээ.
2018-08-13
зочин:
Чөлөөтийн бөхчүүдээс одоо энэ үед эрэгтэйгээс Бэхбаяр эмэгтэйчүүдээс Орхон хоёр л тун сайн форомтой байгаа.Бусадыг нь хэлж мэдэхгүй.
2018-08-13