Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна
2018-08-15

Өнөөдөр/2018.08.15/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэлээ

 

 

Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль, аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахад шаардагдах төсвийг 390 633 135 /гурван зуун ерэн сая зургаан зуун гучин гурван мянга нэг зуун гучин тав/ төгрөг байхаар УИХ-аас баталж Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт энэ оны зургадугаар сард даалгаад байсан юм. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

 

Засгийн газрын нөөц сангаас гаргах 390 гаруй сая төгрөгийн 228.1 сая төгрөгийг  УИХ-ын гишүүнийг сонгох 42 дугаар  тойргийн нөхөн сонгуульд, 162.5 сая төгрөгийг Булган, Дорнговь, Дорнод, Сүхбаатар, Орхон, Хэнтий, Завхан, Говь-Алтай  аймагт тус тус болох орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулиудад зарцуулахаар хувиарлав.

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулав

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах Засгийн газрын тогтоол гаргав. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хүний нөөцийг “Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс 35 ажилтныг төрийн захиргааны албанд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлж мөн төсвийг шилжүүлэн зохицуулна.

 

Аймаг, дүүрэгт тус агентлагийн чиг үүргийг аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар/хэлтэст ажиллаж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэж цаашид хоёр орон тоо нэмж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ.

 

Монгол Улсад 2017 оны байдлаар  нийт хүн амын 3,3 хувь нь буюу 103,630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. 15-59 насны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 28 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, салбар дундын зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэхэд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх зэрэг чиглэлээр үйл ажиллагааг явуулна.

 

“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлав

Эрүүл шүд- эрүүл хүүхэд хөтөлбөрийг 2018-2022 онд 37 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлнэ. Санхүүжилтийг улсын төсөв болон гадаадын зээл тусламж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, бусад эх үүсвэрээр хангана.

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулахыг зорьж байна.

 

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт хүрээ нэмэгдэж байна. Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 2011 онд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 5-6 насанд 87-96%, 12 насанд 65,3%, 18 насанд 67,5% байсан бол энэ тоо өссөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал 2012 онд 18 хүртэлх насны 976 мянга 941 хүүхдийн 83,6 хувь буюу 816 мянга 941 хүүхдэд үзлэг хийхэд 91 хувь нь шүд цоорох өвчтэй байсан нь 18 хүртэлх насны хүүхдийн өвчлөл өндөр байгааг нотолж байна. Өнөөдөр улсын хэмжээнд 725 мянга 600 гаруй 2-12 насны хүүхэд байна.

 

Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр, эмчилгээний цаг хугацаа урт учир шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог. Судалгаагаар нэг хүүхдийн 8 шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар улсын эмнэлэгт 144 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж, 8-24 удаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг аж.

 

Эрүүл мэндийн статистик мэдээллээр 1049 шүдний эмч улсын хэмжээнд ажиллаж байгаагаас 77 хувь нь буюу 817 нь хувийн эмнэлэгт ажиллаж байна. Цаашид өрх, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг,аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг,бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд төрөлжсөн тасаг байгуулж, тоног төхөөрөмжөөр хангаж, шүдний эмч нарын орон тоог шинээр бий болгох, төр хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2-16 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалын хүрээнд төлбөргүй болон хөнгөлөлттэй ижил үнээр үйлчлүүлэх боломжийг нэвтрүүлэх чиглэлээр зохион байгуулалтттай арга хэмжээ авч ажиллах юм.


 

ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилов

Засгийн газрын хурлаар ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилж, үүрэгт ажилд нь оруулав. Ерөнхий сайд болон танхимын гишүүд салбарынхаа бүтээн байгуулалтын ажилд хариуцлагатай хандаж, хуулийн хүрээнд сахилга, дэг журмыг чанд сахиулж, төрийн албан хаагчдынхаа ёс зүйг дээшлүүлж, шуурхай ажиллахыг үүрэг болголоо.

 

Лувсангийн Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн ОХУ-ын СанктПетербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгсч 1983 онд УБТЗ-д хашааны цэвэрлэгчээр ажлын гараагаа эхэлж,   Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, 2017  оноос  УБТЗ-ын Тээврлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга болтлоо 35 жил тус байгууллагад тасралтгүй ажилласан,туршлагатай боловсон хүчин юм.

 

Товч мэдээ

-  Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт  сэтгүүлч, дипломатч Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ой болж байна. Ойг  2018 онд багтаан тэмдэглэн  өнгөрүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг БСШУС-ийн сайдад даалгав.

-  Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоолоо. Өмнө нь цэргийн албыг биеэр дүйцүүлэх болон цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас хамтад нь баталдаг байсан бол энэ оноос тус тусад нь тогтоож байна. Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд иргэн бүрт эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх, тэдэнд цэрэгеэх орон ч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор цэргийн насны иргэдээр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах шаардлага буурахгүй байгаа юм. 2019 оны цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг аймаг нийслэлийн ИТХ,  Батлан хамгаалахын сайдын аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээний хүрээнд тусгагдсан ажил үйлчилгээ зэргийг үндэслэн тогтлоо

-  БНАЛАУ-д Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай засгийн газрын тогтоолыг батлав. Энэ хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой хонийг хоёр улсын мал эмнэлэг хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн малын гоц халдварт өвчин гараагүй орон нутгаас бэлтгэж хүлээлгэн өгөхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов.

-  Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсов. Төрийн албаны тухай/шинэчилсэн найруулга/ хууль батлагдсантай холбогдуулан шинээр боловсруулах хууль тогтоомж, дүрэм, заавар, журмын төсөл, аргачлал зэрэг 47 эрх зүйн актыг боловсруулан батлуулахаар ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хуулиа хурдан өөрчилөөч ээ
2018-08-16
хайран төсөв, урд хувь өндөртэй нь хэн байсныг шууд гаргах хэрэгтэй
2018-08-15
OGTSOR ZAIL
2018-08-15