БНХАУ-ын иргэн зөвшөөрөлгүй эм борлуулж байсныг илрүүлжээ
2018-08-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Төрийн хяналт, иргэн таны төлөө” сарын аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд иргэдээс ирсэн, санал гомдлын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад хаяглан иргэн Батцэцэг гэх хүнээс гомдол иржээ. Уг гомдолд БНХАУ-ын иргэн Ли Лянхуа түүний хүүхдүүдийн “Жин Чэн Хай”, “Аполла” ХХК эмийн сүлжээ бизнес сурталчилж, гишүүн элсүүлж худалдаа хийдэг, мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгааг дурджээ. Иргэний гомдлын мөрөөр  БГД-т үйл ажиллагаа явуулдаг Жин Чэн Хай компанид шалгалт явуулахад БНХАУ-ын иргэн монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг импортлох зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж байсан зөрчил илэрчээ.

 

Зөрчлийг таслан зогсоож 11 нэрийн эм биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хурааж, нийтдээ 155 хайрцаг 7 сая 800 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хурааж, тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулиар 3 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж ажиллажээ.

 

Мөн “Аполла” ХХК-ийг шалгахад биологийн идэвхит бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн дагуу таван нэрийн бүтээгдэхүүнийг импортлодог компани болох нь тогтоогдсон аж.

 

Иргэд худалдан авч буй эм, эмнэлгийн хэрэгслээ Монгол Улсын эмийн бүртгэлтэй эсэхийг “MOHS.mn” сайтад нэвтэрч мэдэх боломжтой аж.

 

“Төрийн хяналт, иргэн таны төлөө” сарын  аяны хүрээнд ард иргэдийн эрх зөрчигдсөн, санал хүсэлт байвал НМХГ-ын 24 цагаар ажилладаг 70128012 шуурхай утсанд холбогдож мэдээлэл өгөхийг хүсэв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин