Тайванийн Ерөнхийлөгчөөс болж Бээжинд гадуурхагдсан КАФЕ
2018-08-16

“Нэг Хятад” бодлогыг дэмжихээс эрс татгалзаж, БНХАУ-ын эрх баригчдын толгойны өвчин гэгддэг Тайванийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Цай Ин Вэн албаны хүмүүсийн хамтаар Латин Америкийн Парагвай, Белиз улсад айлчлахаар хөлгийн жолоо татсан билээ.

 

 

Тэрбээр Парагвай улсад айлчлах замдаа АНУ-ын Лос Анжелес хотноо түр хугацаанд саатжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч  “85C Bakery Cafe” гэх тайвань кафед зочилжээ.

 

Тус кафены захирал хүндэт зочиндоо гарын бэлгээ гардуулсан бөгөөд уг үйл явдлыг гэрчлэх гэрэл зургууд цахим ертөнцөд нийтлэгдсэн байна.

 

Цай Ин Вэн болон кафены эзний үйлдэлд уурссан хятадууд цахим ертөнцөд дургүйцлээ илэрхийлэн, Хятадад үйл ажиллагаагаа явуулах “85C Bakery Cafe”-ээр үйлчлүүлэхгүй байхыг иргэдэд уриалжээ.

 

 

Уг үйл явдлын дараа тус кафе албан ёсоор “Манай байгууллага 1992 оны “Нэг Хятад” зөвшөлцлийг тууштай дэмждэг. Хэзээ ч байр сууринаасаа ухарч байгаагүй” гэж мэдэгдсэн байна.  Хятадад “85C Bakery Cafe”-ийн 200 гаруй салбар үйл ажиллагаагаа явуулдаг юм.

 

Цай Ин Вэн өнгөрсөн 2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойш Бээжингийн баримталдаг “Нэг Хятад” бодлогыг “хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн удаатай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
HUZAAGAAS BUGD HOLD
2018-08-16