Цүнх баригчдыг төрийн албанаас салгая
2018-08-17

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зам, тээврийн хөгж­лийн яаманд гарсан хүн амины хэрэг хоёр хүний хоорондох харилцааны асуудал биш юм. Нэг нам, эсвэл хэн нэг хүн тамга атгангуутаа   авчраад байршуулчихдаг “царцааны нүүдэл”-тэй холбоотой юм. Сайд, даргын нөмөр, нөөлөгт эрдэж, омогшсон   “цүнх баригчид” хүн дарамталж, зодож цохидог нь хэтрээд зарим нь  хүний амь бүрэлгэчихлээ. Төрийн албыг дур хүслээ гүйцэлдүүлдэг газар болгон үнэгүйдүүлж, албан хаагчдыг нь  өөрийн “боол” шиг дорд үзэн дарангуйлдаг тухай хаа сайгүй ярьдаг, бичдэг. Эрх мэдэлтнүүд өөрсдөө ч гэсэн төрийн албыг тогтвортой байлгана, мэргэшсэн албан хаагчдыг халж, солихгүй гэхчлэн амладаг, даанч мэхлэдэг. Харамсалтай нь энэ байдал байж болшгүй хэмжээнд хүрснийг төрийн албан хаагч амь насаа алдаж ойлгууллаа, өнөөгийн төрд. Гэтэл нөгөө л тогтсон жишгээрээ сайд, даргын төлөөх марафонд уралдаж явна. Дахиад л тэрний хүн, энэ даргын “цүнх баригч” гэлцэн албан тушаалын төлөө алалцаж эхэлжээ.

 

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга Б.Махбал ч гэсэн ийм л замаар төрд орж ирсэн нөхөр. Бусдаас өөр нь тэр  “Ерөнхийлөгчийн хүн” гэсэн тодотголтой. Тийм ч учраас албан тушаалын шатаар ахиж ирсэн.  Тэгээд өөрийгөө “Улсын нэгдүгээр хүн” гээд бодчихсон. Бас өөрийгөө юу ч хийсэн хамаагүй гээд ойлгочихсон. Хамт ажиллагсад,  Зам, тээврийн  хөгжлийн яамны ажилтнууд нь ч гэсэн “Улсын нэгдүгээрх” –ийн  өмнө айж чичирдэг байж. Тийм ч учраас тэр өдөр талийгаач Г-г зодоход нь хамт явсан яамных нь таван ажилтан “улсын нэгдүгээр эрхэм”-ийг  хорьж  болохгүй хэмээн   харж зогссоор  нэгийнхээ амийг бүрэлгүүлжээ. Талийгаачийг “Ажлаа өг” гэж шахаж дарамталж байсан  гэх мэдээллүүд  одоогоор дуулдаж байгаа. Хохирогч Г хуульч мэргэжилтэй,  салбарын  дотоод аудит, хяналт, шалгалт дээр ажиллаж байснаас үүдэн  аллагын цаана өөр  өөр асуудал, Б.Махбал нартай холбоотой  “но”-той хэргүүд   байж болзошгүйг ч хэвлэлүүд бичиж эхлээд байна.

 

Б.Махбалын албан тушаалын шатаар өгссөн замыг харвал 2008-2012 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр,барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх  үед  Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын болон Зам тээврийн бодлогын газрын даргаар нь  ажиллаж байжээ. Дараа нь Ц.Дашдорж сайдын үед Уул уурхай,хүнд үйлдвэрийн яамны  Төрийн захиргаа,удирдлагын газрын даргын албыг хашсан байна. Д.Сумьяабазар энэ салбарын  сайд болохдоо ажлаас нь чөлөөлсөн ч    Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн  сайд болсны дараа тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогдсон байдаг. Уг нь төрд ажил алба хашихад шалгуур гэж бий. Төрийн албан хаагчийн шалгалт өгнө. Наад зах нь төрийн албан хаагчийн анкет бөглөхөөс эхлээд   тодорхой шаардлагууд, олон  үзүүлэлт  байдаг.

 

Гэвч тэр бүхэн бодлогогүй улс төрийн намууд, увайгүй улстөрчдийн  нөлөөгөөр түүх  болж үлдэх шив. Ямар мэдлэг боловсролтой, тухайн салбарт мэргэшсэн эсэх, хүмүүжил, ёс суртахуун хэр байх зэрэг нь огт хамаагүй. Харин хэний цүнхийг барьдаг, хэнд үйлчилдэг нь л   гол үзүүлэлт болж байгаагийн илрэл нь Б.Махбалын хийсэн гэмт хэрэг юм. Цаана нь хэчнээн  Махбал ажилтнаа дарамталж, зодож, дээрэлхэж байгааг хэн мэдлээ. Зам, тээврийн хөгжлийн яаманд л гэхэд ийм дарангуйлагч нэг биш байгаа сураг дуулдсан. Ерөнхий сайдын  төрсөн ахын хүү  Зам, тээврийн хөгжлийн яаманд  хэлтсийн даргаар ажилладаг, мөн л өөрийгөө У.Хүрэлсүх гээд бодчихсон  нэг нөхөр  “Би юу ч хийж болно”  гэж сэтгээд  ажилтнуудаа зодож харгислаж яваа  талаар  олон нийт ярьж, бичиж эхэлжээ.

 

Дарга, сайд нарын нэрээр төрийн албанд орсон, яам, тамгын газарт ажил албанд дэвшсэн хүмүүсийн хийдэг ажил  нэг иймэрхүү.  “Ажлаа өг” гэж айлгадаг, сүрдүүлдэг,  зөвшөөрөхгүй бол зоддог, цохидог.  Тэрийгээ хэтрүүлж  амь насыг нь бүрэлгэсэн тохиолдол  харин анхных юм.

 

Ер нь сонгуульд ялсан аль ч нам, сайд, дарга болсон хэн ч   төрийн албыг  хувийн компани шиг болгож, төрөл садангаа авчраад суулгачихдаг нь гэм биш зан болоод удаж байна. Тэгээд төрийн мэргэшсэн албан хаагчдыг дураараа халж, сольдог. Тэрний,  энэний хүн гэх этгээдүүдээр яам, тамгын газрын удирдлагын баг, төсөв, санхүүгийн хэлтсийг дүүргэчихдэг. Улсын төв эмнэлгүүд, их,дээд сургуулиуд хүртэл сонгуулийн дараа  ганган  бүсгүйчүүд, кофе шоп хэссэн ажил хэрэгч дүр эсгэсэн залуус өрөө, тасалгаануудыг эзлээд суучихдаг. Хичээл заадаггүй “царцаа багш”  нар  тэнхимийн эрхлэгч, төслийн удирдагч, зөвлөх, зааварлагч гэх албан тушаалд залардаг. Ихэнхдээ ажлаа мэдэхгүй, ямар боловсролтой нь  ч тодорхойгүй, хүмүүжил, төлөвшил, зан харилцааны хувьд асуудалтай байдгийг аль ч салбарынхан хэлж байгаа юм. Тэгсэн хэрнээ архи уух, авгай хүүхэн эргүүлэх, загнаж зандрах, цохиж зодохдоо  гарамгай байдаг аж.  Дараа нь төслийн мөнгө идсэн уусан, төсөв хөрөнгө дутсан хариуцлагын асуудал босч ирэхэд тэдгээр хүмүүс  “Би ажлаа хүлээлгэж өгье, хариуцлагаа хүлээж байна” гээд өргөдлөө өгөөд явчихдаг. Ингээд  дутаасан  мөнгө, үргүй зарцуулсан төсөв  хөрөнгийн асуудал  эзэнгүйдэж үлддэг.  Тухайлбал, Үндэсний аудитын газраас 2016 оны санхүүгийн тайланд шалгалт  хийхэд 31 төсвийн ерөнхийлөн захирагчаас 11 нь хязгаарлалттай дүгнэлт авч байв. Монгол Улсын түүхэнд ийм тохиолдол байгаагүй. Энэ талаар Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Манай улсад сахилга, хариуцлагын тогтолцоо сул байгаагаас эдийн засаг хямарч байна. Улсын төсвийн хөрөнгө зөв зарцуулагдахгүйгээс ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт үр дүнгүй болж байна. Мөн тооцоо судалгаагүйгээс эргээд төсөвт хүндрэл учруулж байна. Ажлаа хийж байгаад зөрчил дутагдал гаргачихаад явчихсан хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Үүнтэй холбогдуулаад аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалтай холбоотой бүх албан тушаалтан ажилтнуудын жагсаалтыг гаргаж байна. Хариуцлагыг  хэн хүлээв, хэн мултрав гэдгийг бүртгэж байна. Үүнийг холбогдох байгууллагуудад хүргүүлж хяналт тавьж ажиллана. Эргээд төрийн албанд ороход зохих ёсоор хэлэлцэж байх шаардлага тавьж эхэлж байна. Үүний тулд Төрийн албаны зөвлөл, АТГ, ЗГХЭГ-т жагсаалтыг хүргүүлнэ. Мөн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хяналт тавих чиг үүрэгтэй хүмүүст хариуцлага тооцох ёстой гэсэн асуудлыг ярина. Тэр ч байтугай хараат бус аудитын байгууллага, аудиторуудтай хариуцлага ярьж эхэлж байна. Улсын төсвийн хөрөнгийг шамшигдуулж байхад аудитын байгууллага яагаад илрүүлж, таслан зогсоож чадаагүй юм. Төрийн аудитын байгууллага ажилтнууддаа хариуцлага тооцож, сахилгын арга хэмжээ авахаас эхлээд багагүй ажил хийж байна” хэмээн хэвлэлээр ярьсан нь бий.  Тухайн үед ганц  яаманд хийсэн аудитын шалгалтаар л гэхэд 64.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрч байв.

 

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгосон бичлэг задарч байсан. Сонгуульд үнэмлэхүй олонх болсны нь дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаж ганцхан жилийн дотор 13 мянга гаруй хүнийг ажлаас нь халж, сольсон байдаг.Үүний дараа байгуулагдсан  У.Хүрэлсүхийн Засгийн газар дээрх  халагдсан, солигдсон хүмүүсийг нааш, цааш болгох гэж ноцолдсоор  үндсэндээ өөр ажилд анхаарал хандуулж чадалгүй жил тойрлоо. Ер нь бол  Монголын төрийн хүч чадал сайн боловсон хүчин дээр л тогтно. Тэгвэл өнөөдөр “Царцааны нүүдэл”-д дарлагдаж төр хүчгүйдэж байна. Монголын төр хэзээ сүр хүчтэй, алсын хараатай, бодлого нь мэргэн болох вэ гэвэл,  “Цүнх баригчид”-аас салсан цагт. Монголчуудын, төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчдын мөрөөдөл  энэ юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ЗОТОЛ

Shuud.mn
Сонин хачин
бсшуя, харъяа б/гуудад:
хуурамч дипломтой хулгайч нар шургалсан
2018-08-18
МАН-ы гишүүд:
Бямбацогт, Сарангэрэл ,Мөнхбат нарын чинь төрийн яамдад шахсан мэрэгжилийн бус хулгайчууд чинь нам муухай харагдуулж байна удахгүй өөрсөдийг чинь ч шоронд чирээд цуг орно доо
2018-08-18
МАН-ы гишүүд:
Бямбацогт, Сарангэрэл ,Мөнхбат нарын чинь төрийн яамдад шахсан мэрэгжилийн бус хулгайчууд чинь нам муухай харагдуулж байна удахгүй өөрсөдийг чинь ч шоронд чирээд цуг орно доо
2018-08-18
МАН-ы гишүүд:
Бямбацогт, Сарангэрэл ,Мөнхбат нарын чинь төрийн яамдад шахсан мэрэгжилийн бус хулгайчууд чинь нам муухай харагдуулж байна удахгүй өөрсөдийг чинь ч шоронд чирээд цуг орно доо
2018-08-18
Төрийн, монгол улсын ажил явахгүй байгаагийн хамгийн том шалтгаан цүнх баригчидаа өндөр албан тушаалд томилсоны гай юм. ЗГХЭГ яамдад шалгалт орууллаа гээ биз дэ, элэг хөших нь өөрсдийнх нь томилсон долдойнуудаас өө олох уу!
2018-08-18
2016:
2016 onii songuuliin daraa darga, ded darga bas bus alband ochson humuusiig halj bgaad ajliin bair deer ni songon shalgaruulalt hiij dahin tomilj chadaj bj toriin alba tsebershine
2018-08-17
Үнэн үг:
Үнэн юм бичсэн байна. Харамсалтай нь энэ үгийг / бичсэн зүйлийг/ БАТТУЛГА,ЭНХБОЛД ,ХҮРЭЛСҮХ нар уншина гэдэгт танар итгэж байна уу? Уншихыг хүсэхгүй хэрэв итгэхгүй байгаа бол коммент хийх нь үгүй юу хараараа. Тэд нарт өөрсдийгөө бүх юмтай холбож шоудах л хэрэгтэй болохоос үнэн үг хэрэггүй .Төрийн байгууллага яг ийм байдалд байгаа гэдгийг ард түмэн ойлгог.
2018-08-17
Улс торчид цлс ториинхоо ажилыг хиил дээ
2018-08-17
Улс торчдииг ториин албанаас зайлуулах хэрэгтэй? Ториин албанд намын харьяалалаар танил тал хамаатангуудаар дуурнэ ?
2018-08-17
Мэргэн:
Төрийн албыг цүнх баригчдаас салгая.
2018-08-17