Төсөв хэтэрсэн учир Вашингтон дахь цэргийн парадыг хойшлууллаа
2018-08-17

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн онд Францад төрийн айчлал хийсэн билээ. Трамп  айлчлалынхаа үеэр Францын армийн “Bastille Day” парадыг үзэж сонирхсон юм.

 

 

Тэрбээр парадыг үзснийхээ дараа Вашингтон хотноо дээрх парадаас дутахааргүй цэргийн сүрт жагсаал зохион байгуулах хүсэлтэй буйгаа албаныханд илэрхийлсэн билээ.

 

Тэгвэл уг парад ирэх оныг хүртэл хойшилсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.  Учир нь парадыг хийхэд шаардлагатай мөнгө төсвөөсөө гурав дахин хэтэрчээ.

 

Парадыг зохион байгуулахад 92 сая ам.доллар шаардлагатай гэнэ. Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сард  “парадыг зохион байгуулахад 10-30 сая ам.доллар болно” Цагаан ордны төсвийн захирал Конгресст танилцуулахдаа мэдэгдэж байв.

 

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Роб Маннин “Дэлхийн нэгдүгээр дайн дууссны 100 жилийн ойн хүрээнд Вашингтон хотноо цэргийн сүрт жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан. Төлөвлөгөөний дагуу уг жагсаал ирэх арваннэгдүгээр сарын 10-нд болох байсан ч ирэх 2019 он хүртэл хойшлуулах шийдвэрийг албаныхан гаргалаа” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин