Дайнаар хагацсан гэр бүлүүд уулзахад бэлэн болжээ
2018-08-20

Хоёр Солонгосын дунд дэгдсэн дайны үеэр хагацсан гэр бүлтэйгээ уулзахаар Өмнөд Солонгосын иргэдийг тээвэрлэсэн цуваа товлосон газраа ирсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Тэд хатуу чанга дэглэмтэй Хойд Солонгост өнөөг хүртэл амьдарч буй гэр бүлтэйгээ уулзахаар өнөөдөр 13.00 цагт тус улсын  Кумганг уулын баазад хүрэлцэн ирээд байна.

 

Өмнөдүүд уг баазад гурван өдөр байх бөгөөд гол уулзалт ердөө 7 цаг үргэлжилнэ гэнэ.

 

Дээрх уулзалтад өмнөдийн талаас 89 иргэн, хойдын талаас 83 хүн оролцох билээ. Уулзалтад оролцох Өмнөд Солонгосын иргэдийн ихэнх нь 70-80 насных бол хамгийн ахмад нь 101 настай аж. 

 

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах үеэрээ дайны үеэр хагацсан гэр бүлүүдийг уулзах санал гаргасан юм. Уг саналыг Ким Чен Ун хүлээн авчээ.

 

1950-1953 оны хооронд дэгдсэн дайны үеэр олон сая гэр бүл хагацсан билээ. Хоёр улсын эрх баригчид 2000 онд анх удаагаа дайнаар хагацсан гэр бүлүүдийг уулзуулсан юм. Өнгөрсөн хугацаанд 20 удаа уг уулзалтыг амжилттай зохион байгуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин