Төгсөөд ажлын байр бэлэн сургалтад хамрагдах залуус цөөн байна
2018-08-21

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар үүсгэн, байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд залуучуудыг чадварлаг боловсон хүчин, хүний нөөц болгохын төлөө нэлээд олон төрлийн сургалтыг зохион байгуулжээ.

 

Тухайлбал “Мэдээллийн технологийн сургалтын төв”-ийг нээгээд IT чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлэх, ажлын байр нь бэлэн байгаа сургалтад 1890 залууг хамруулсан байна. Гэтэл залуусын оролцоо, идэвхи чармайлт дутуу байсныг тус газрын дарга С.Сүх-Очир хэлж байлаа. Учир нь 1890 хүнээс 700 хүрэхгүй хүн буюу өөрөөр хэлбэл дөнгөж гуравны нэг нь тус сургалтыг дүүргэсэн байна. Тэрбээр “Манайхаас зохион байгуулж байгаа бүх сургалт үнэ төлбөргүй, сургалтыг амжилттай төгссөн залуучуудад тэтгэлэг олгоод, бүр сайн суралцсан залууст сард 440 мянган төгрөгийн тэтгэлэг олгон, нарийн мэргэжил эзэмшүүлээд нэг сая төгрөгийн цалинтай ажлын байранд холбож өгч байсан. Гэвч залуусын идэвхи, чармайлт муу байсан” хэмээв.

 

Мөн Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас өнгөрөгч долоодугаар сард 1 сая 500-2 сая төгрөгийн цалинтай орон нутагт ажиллах 80 ажлын байрыг зарласан. Энэ талаар тус газрын дарга С.Сүх-Очир “Өндөр хэмжээний цалинтай ажлыг зарлаад дөрөв хоногийн сургалтыг зохион байгуулахад 1000 гаруй залуус лавлаж асуугаад 194 залуу бүртгүүлээд 57 залуу сургалтыг дүүргэсэн. Үүнээс харахад залуучуудын оролцоо их сул байна” гэв.

 

Залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн аялал жуулчлалын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран 500 гаруй ажлын байрыг зарласан байна. Залуучууд орлоготой байж гэмээнэ орон сууцанд орох боломжтой учраас хөдөлмөр эрхлэлтийг илүү дэмжиж, хөдөлмөр эрхлэх бололцоогүй залуусыг нарийн мэргэжил эзэмшүүлж, хөгжүүлэх чиглэлээр ажил зохион байгуулж буй аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Худлаа шоу хийх юм Танай сургалт муу анхан шатны хэнд ч хэрэггүй сургалт заагаад найз өөрөө улсаас мөнгө цохидог байсан
2019-03-22