Тэр ЯЛАГЧ
2018-08-21

Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч хэзээ ч шантарч үзээгүй сэтгэлийн хаттай “Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай Европ тивийн ноён оргил Эльбруст амжилттай авиралт хийгээд өнөөдөр /2018.0.8.21/ эх орондоо ирлээ.

 

Тэрбээр хэн нэгнээс тусламж гуйж, халамжийн хэдэн төгрөгөөрөө өдөр, хоногийг аргацааж, “Би хөгжлийн бэрхшээлтэй болохоор ажилд авахгүй, хийх юмгүй” хэмээн сэтгэл гонсойж суусангүй. Харин ч өөдрөг тэмүүллийнхээ хүчээр хэлтэй ч “хэлгүй” мэт, сонсголгүйтой ч “чихгүй” мэт урагшгүй амьдарч яваа зарим залууст үлгэр дуурайлал болж монгол орноо дугуйтай тойрон аялсан. Дараа нь Отгонтэнгэр хайрханд авирч, Хөвсгөл нуур руу явган аялаад ирсэн. Эх орноо бүтэн тойрсон түүний бодол, сэтгэлд Эльбрусийн оргил “багтаад л” байж...Хүсэл мөрөөдлөө орхилгүй зүтгэсээр Монгол Улсынхаа төрийн далбааг Эльбрусийн оргилд мандуулж чадсан түүнээр бахархахгүй байхын аргагүй. Тиймээ тэр ЯЛАГЧ. Ингээд түүнийг эх орондоо дөнгөж хөл тавьсан даруйд нь аяллын сонин сайхныг хүваалцлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Юуны өмнө Эльбрусийн оргилд амжилттай авирч чадсан танд халуун баяр хүргэе.

 

-Баярлалаа. Би наймдугаар сарын сарын 2-нд эх орноосоо мордсон. Өнөөдөр эх орондоо ирэх сайхан байна.

 

-Оргил өөд авирах явцад цаг агаарын байдал ямар байсан бэ?

 

-Цаг агаар нэлээд тааруу байсан учраас дөрвөн удаагийн авиралтаар оргилд гарч чадсан. 5400 метрийн өндөрт гараад майхнаа зоогоод амарна даа гэж бодож байтал нэлээд салхи шуургатай байсан учраас цаг агаар тогтуун болохыг нэлээд хүлээсэн. Бас нэлээд хүнд ачаатай явсан. Шөнө ерөөсө унтахгүй ямар ч амралтгүйгээр өглөө 05.00 цагт уулын оргилд гарч чадсан.

 

-Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй багтай явав. Багийнхантайгаа хэрхэн ойлголцож байв?

 

-Нийтдээ манай багт 8 хүн байсан. Олон улсын уулын спортын авирагчидтай оргилд гарсан. Багийнхантайгаа бичгээр болон дохионы хэлээр харилцаж байсан. ОХУ-ын хүнтэй их дотноссон. Тэр хүн намайг тосч аваад маш сайхан элгэмсэг хандсан.

 

-Яагаад Эльбрусийн оргилд гарахыг зорьсон бэ?

 

-Би өөрийнхөө амжилтыг ахиулахыг зорьж, Эльбрусийг зорихоор шийдэж, фэйсбүүкээр мэдээллийг нь хайж үзсэн. Эх орноороо олон удаа аялсан учраас олон улсын уулчидтай өөрийгөө сорьж үзмээр санагдсан. Цаашдаа ч 6000-7000 метрийн өндөртэй ноён оргилд цаашдаа гарахыг мөрөөдөж байна.

 

-Авиралт хийхдээ судалгаа хэр хийсэн бэ?

 

-Нэлээд судалсан. МУГТ уулчин Б.Гангаамаа фэйсбүүкээр холбогдож надад урам зориг хайрласан. Түүнд маш их баярласан. Эльбрусийн авиралт надаас маш их зориг шаардсан. Их айж байлаа. Гэхдээ “чадна” гэдэг сэтгэлзүйгээр явсан. Эльбрус маш аюултай. Саяны авиралтаар нэг хүн алга болсон.

 

-Аяллын төсөв, санхүүгээ хэрхэн зохицуулав?

 

-Биеийн тамир спортын газрын дарга сая төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлөөс 2 сая төгрөг нийтдээ хандив тусламжаар 4 сая төгрөг цугларсан. Таван сая төгрөг шаардлагатай байсан ч дөрвөн сая төгрөгтэй явсан. ОХУ-ын найз нөхдөөсөө тусламж авч монголдоо эргэж ирлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Анх яагаад ууланд авирахаар сэтгэл шулуудсан бэ?

 

-Би  онд Алтай таван богдод анх удаа авирч үзсэн. Маш гоё сэтгэгдэл төрсөн. Тухайн үед уулчин Б.Гангаамаатай танилцаж, түүнээр бахархаж, ууланд авирахаар өөрийгөө бэлтгэж эхэлсэн.

 

-Аялах, ууланд авирахаасаа өмнө ямар ажил хийдэг байсан бэ?

 

-Би цахилгаанчин мэргэжилтэй. Гэвч сонсголгүй хүмүүсийг ажилд авахгүй гэсэн учраас аяллыг өөрийн мөрөөдлөө болгож, аялж эхэлсэн.

 

-Саваагүй асуулт. Та гэр бүлтэй юу?

 

-Үгүй ээ ганц бие. Нууцхан хайрладаг эмэгтэй бий. Сая явахаасаа өмнө тэр эмэгтэй рүү зурвас бичиж, санаа зоволтгүй гэдгээ хэлсэн. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
спортын төв ордны дарга гэж хэн бэ эхэхэххйхйхйхйхөахахахахахха
2018-08-21
Zochin:
Yostoi baatar
2018-08-21