Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажил эхэлж байна
2018-08-23

Гэрэл зургуудыг MPA.mn

 

БНХАУ-ын БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И  энэ сарын 23-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

 

Айлчлалын хүрээнд  Монгол Улс болон  БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухайн хоёр улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол Улсын гадаад харилцааны яам БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2019-2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.  Дараагаар нь хоёр улсын Гадаад харилцааны сайд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Хоёр талын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж ажиллана

 

 

ГХ-ны сайд Д.Цогтбаатар:

 

-БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И  миний урилгаар энэ өдрүүдэд манай улсад айлчилж байна. БНХАУ-ын Засгийн газрын шинэ  удирдлага  томилогдсоны дараа Засгийн газраа төлөөлөн хийж буй  Гадаад хэргийн сайдын анхны айлчлал болж байгаагаараа онцлог гэдгийг цохон тэмдэглэе.  Талууд хоёр талын хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжлүүлэх, харилцан ойлголцол, улстөрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, томоохон төслүүдээ эхлүүлэх талаар санал солилцлоо. Мөн бүс нутаг олон улсын харилцааны өөрсдийн сонирхсон асуудлаар үзэл бодлоо хуваалцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх онд БНХАУ-д айлчлах урилгыг дахин нотоллоо. Хоёр улсын харилцаа бүс нутгийн хэмжээнд үлгэр жишээ болж сайн хөршийн  хөгжлийн төлөөх харилцан ашигтай түншлэлийн зарчмаар хөгжиж байгаа. Үүний хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой зорилтуудыг дэвшүүлж тэдгээр зорилтоо хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаа  талаар санал солилцлоо. Манай эдийн засгийг зээл тусламжаас хамааралтай байдлыг халж тэнцвэртэй тогтвортой хөгжлийг баталгаажуулахын тулд хоёр талын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж ажиллахаар хэлэлцэв. Хоёр тал өндөр дээд хэмжээний уулзалтуудыг дахин хийх талаар ярилцлаа. Ирэх жил Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. БНХАУ-тай 70 жилийн дипломат харилцаатай 10-аад орон байдгийн нэг нь Монгол Улс юм. БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн орон бол Монгол Улс БНХАУ-ыг НҮБ дахь өөрийн байр суурийг бэхжүүлэхэд дэмжиж байсан билээ. Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхэлж байгаа бөгөөд нээлтийн ажиллагааг энэ сарын 25-ны өдөр хамтран зохион байгуулна. Манай улсад БНХАУ-аас оруулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ноён Ван И-тэй санал нийллээ. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажил эхэлж байна. Замын-Үүд-Эрээний бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо. Монгол-Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлж, үргэлжлүүлэх, чухал шинэ үр дүнд хүрсэн айлчлал боллоо гэж дүгнэж байна.

 

Хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И:

-Монгол Улс шинэ Засгийн газар байгуулсны дараа Хятад улстай найрсаг харилцаатай байхыг баримталж ирсэн. Хятад улс Монгол Улсын гадаад харилцааны маш чухал байрт орсонд баяртай байна. Энэ удаагийн айлчлалаар Монголын талтай дөрвөн талаар санал солилцсон.  Улс төрийн харилцан итгэлцэл, харилцан дэмжлэгээ улам нэмэгдүүлж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулна.  Энэ харилцаанд гарсан боломжийг ашиглаж хоёр талын харилцааг хурдацтай хөгжих замд оруулна.  Бүс ба зам хамтран байгуулахын дагуу хоёр талын хөгжилд шинэ хүч нэмэгдүүлнэ.  Ирэх онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ашиглаж хоёр талын харилцааг шинэ шатанд гаргана. Мөн энэ яриа хэлэлцээрийн үеэр хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн.  Мөн хоёр орны өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалах. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх онд Хятад улсад төрийн айлчлал хийхийг урьж байна. Мөн гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг ирэх онд Хятадад айлчлахыг урьсан.  Бүс бас санаачилга болон Монголын хөгжлийн замд санаачилгатай уялдуулан хэрэгжүүлнэ. Ажлын тодорхой төлөвлөгөө гаргана. Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэхийг зарласан. Хятад Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг байгуулахад санал нэгдсэн.  Бодит харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ.

 

2020 он хүртэл хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ. Хятад улсын дэмжлэгээр барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төсөл дээр чухал ахиц гарсан. Энэ онд багтаж албан ёсоор барилгын ажлыг эхлэхийн төлөө ажиллаж байна. Хоёр улсын боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байна. Мөн Монгол Улсаас санал болгосон мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг Хятадын тал нааштай хүлээж авахад бэлэн байна. Ирэх онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал нэгдсэн. Мөн энэ талаар Засгийн газар хооронд санамж бичигт гарын үсэг зурсан. Цаашид соёл, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын солилцоог хүрэн идэвхтэй хөгжүүлнэ. Хятад, Монгол, Орос гурван улсын гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналд нэгдсэн. Мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэж, бүс нутгийн хөгжилд түлхэц үзүүлнэ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Маркс:
Өө дэмжиж байна! Шашин бол хар тамхи мөн ажгуу.
2018-08-23