Автобусны цахим картыг 100 гаруй мянган оюутанд олгоно
2018-08-28

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Боловсролын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК хамтран их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих эрхийн үнэмлэхийг хэрхэн олгох талаар мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн Боловсролын газар их дээд сургууль, коллежийн оюутнуудад нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим карт түгээх ажлыг энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулж байна. БСШУСЯ-наас ирүүлсэн хяналтын тоогоор энэ жил төрийн болон хувийн хэвшлийн 84 их дээд сургуульд 108,970 гаруй мянган оюутан суралцаж, цахим карт авахаар байна. Энэ хяналтыг тоог нийслэлийн Тээврийн газарт мөн хүргүүлжээ

 

Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох “Энэ жил шинээр их дээд сургууль, коллежид элсэн орж байгаа оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картын хүсэлтийг тухайн сургуулийн захиргаагаар дамжуулан энэ сарын 21-нээс 29-ныг дуустал хүлээн авч байна. Бид шинээр карт авах хүсэлтийг хүлээн аваад ажлын 2-8 хоногт шийдвэрлэнэ. Мөн 2, 3, 4 дүгээр курсэд дэвшин суралцаж байгаа цахим картаа сунгах оюутнуудын хүсэлтийг ирэх 9 дүгээр сарын 3-нд хүлээн авч мөн ажлын 2-8 хоногт шийдвэрлэнэ. Харин цахим картыг гээгдүүлсэн, гэмтээсэн зэрэг дахин авах хүсэлтэй оюутнуудын хүсэлтийг 9 дүгээр сарын 10-ны дотор хүлээн авч шийдвэрлэх юм” гэлээ.

 

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт, судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж “Энэ жил коллеж, МСҮТ-үүдэд 26 мянга гаруй оюутан суралцагч суралцана. Суралцагч оюутнуудын цахим картыг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар олгоно. Өнгөрсөн жилийнхээс бага зэргийн өөрчлөлт орсон нь картыг гээгдүүлсэн бол шинээр авах 3600 төгрөг, сунгалтын 1000 төгрөг буюу нийт 4600 төгрөг тушаах ёстой” гэж ярилаа.

 

Их дээд сургуулиуд мэдээллээ хугацаандаа ирүүлдэггүйгээс оюутнуудын карт хугацаандаа гардаггүй гэсэн гомдол жил бүр гардаг. Цахим картын материал хүлээн авах удирдамжийг энэ жил 6 дугаар сард сургуулиудад хүргүүлсэн. Материал хүлээн авах хугацааг 8 дугаар сарын 21-нээс 29 гэж тогтоосон ч одоогоор сургуулиуд мэдээллээ өгөөгүй байна. Мөн 9 дүгээр сард сургуулиуд мэдээллээ зэрэг шахам ирүүлдэг учир ачаалал ихэсдэг зэрэг шалтгаанаар цахим карт хугацаандаа гарахгүй уддаг байна. Энэ ачааллыг багасгах үүднээс энэ жил гэрээт ажилтан ажиллуулах юм байна.

 

Хичээлийн жил эхлээд явцын дунд шинээр авсан картаа хаяж гээгдүүлсэн тохиолдолд нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан хүсэлт гаргаж картаа хүчингүй болгох, цэнэглүүлэх боломжтой.

 

Гэрээсээ 1 км зайд сургуульд суралцах оюутан бүрт цахим карт олгогдоно. Үүнийг сургуулийн захиргаа баталгаажуулж, ирүүлсэн хүсэлт бүрийг шийдвэрлэнэ гэж “Улаанбаатар цахим карт” ХХК-ны Үйл ажиллагааны мэргэжилтэн Х.Хонгорзул хэллээ.

 

Их дээд сургуулиуд цахим картын хүсэлт гаргахдаа сургуулийн захирлын гарын үсэг бүхий албан бичиг, оюутнуудын нэрсийн жагсаалтыг цаасан болон файл хэлбэрээр, хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэн нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр 2 давхарт Улаанбаатар смарт карт компанийн байранд өгнө. Материалыг хүлээн авснаас хойш тухайн сургуулийн оюутны тооноос хамааран өдөрт нь болон ажлын 1-2 өдөрт шийдвэрлэж сургуулийн сургалтын албанд шилжүүлэх юм. Оюутнууд цахим картаа сургуулийнхаа сургалтын албаар дамжуулан авах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Shuud.mn
Сонин хачин