Ким Чен Ун амлалтаа биелүүлэхэд нь Бээжин СААД болж байна
2018-08-30

Цагаан ордны тэргүүн АНУ болон Хойд Солонгосын дунд үүсээд буй таагүй уур амьсгалыг дуусгавар болгох мэдэгдэл хийлээ. Энэ талаар “CNN” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар өнгөрсөн зургаадугаар сард Сингапурт уулзсан билээ.

 

Уг дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Чен Ун “цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзах болно” хэмээн Трампт амласан юм.  Ким Чен Ун тухайн үед “Би эх орондоо очоод л амлалтаа ажил хэрэг болгох болно. Бидэнд итгээрэй” гэж байв.

 

ТРАМП-КИМ нарын уулзалт өндөрлөөд хэдийнэ хоёр сарын хугацаа өнгөрсөн ч Ким Чен Ун дээрх амлалтаа биелүүлэхгүй байгаа нь Вашингтоныг хилэгнүүлээд байна.

 

“Ким Чен амлалтаа биелүүлэхгүй, хугацаа хожиж байна” хэмээн Трамп өнгөрөгч долоо хоногт мэдэгдээд Пхеньянд айлчлахаар төлөвлөөд байсан Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлалыг цуцалсан юм.

 

Помпео гурван удаа Пхеньянд айлчилж, Ким Чен Унд бараалхаж байв. Америк сайд эх нутагт нь ирэхгүй гэдгийг дуулсан Хойд Солонгос АНУ-ыг “хоёр нүүртэн”, “хуйвалдаан зохион байгуулагч” гэх өдөөн турхирсан мэдэгдэл хийсэн билээ.

 

Помпео “Ким Чен Ун амлалтаа биелүүлэх болно гэдгээ мэдэгдвэл бүх зүйл хэвийн үргэлжлэх болно” гэж мэдэгджээ. Ихээхэн хичээл зүтгэлээр НАЙРСАГ харилцааг олж аваад буй АНУ-Хойд Солонгосын харилцаа хэрхэх нь олон улсын анхаарлыг татаж эхэлсэн.

 

Трамп өчигдөр дахин сөргөлдөхийг хүсээгүй учир Хойд Солонгосын өмнө БУУЛТ хийсэн мэдэгдэл хийлээ.

 

“Ким Чен Ун амлалтаа биелүүлэхэд нь БНХАУ саад болж байна” хэмээн Трамп мэдэгдлээ.

 

Тэрбээр твиттер хуудастаа “Пхеньян цөмийн зэвсгээс ангижрах үйл явцад БНХАУ-ын эрх баригчид хөндлөнгөөс оролцож байна. Үнэнийг хэлэхэд АНУ-БНХАУ дунд үүссэн худалдааны маргаан энэ бүхэнд нөлөөлж байна” гэж жиргэжээ.

 

“Хойд Солонгосын эдийн засаг БНХАУ-аас шууд хамааралтай. “БНХАУ худалдааны маргаанд хохирол амсахгүйн тулд Вашингтоны хамгийн том сул зэвсэг болоод буй Пхеньяныг урдаа барьж байна” гэж Трамп дүгнэв.

 

“Бээжингийн эрх баригчид Ким Чен Ун гол түнш гэдэг давуу талаараа шахалт үзүүлсээр байна. Ким Чен Ун шахалтад орж амлалтаа биелүүлэх үйл явц нь удаашралтай байгаа. Гэхдээ Ким Чен Ун нэг л өдөр улсаа цөмийн зэвсгээс ангижруулах болно. Би итгэж байна” хэмээн Цагаан ордны тэргүүн мэдэгдлээ.

 

Трамп ийнхүү мэдэгдэхээсээ өмнө Ким Чен Ун амлалтаа биелүүлэхгүй бол АНУ, Өмнөд Солонгос, Японы цэргийн албан хаагчдыг нэгтгэсэн өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй томоохон цэргийн сургуулилтыг Солонгосын хойгт зохион байгуулах болно” гэж мэдэгдээд байв.

 

Энэ талаар Трамп “Одоохондоо цэргийн хамтарсан сургуулилтыг сэргээх бодолгүй байна. Гэхдээ сэргээхгүй гэсэн үг биш” гэж Ким Чен Унд хандсан мэдэгдэл хийжээ.

 

 

Ким Чен Ун анхны дээд хэмжээний айлчлалаа БНХАУ-д хийсэн билээ. Тэрбээр мөн Трамптай уулзахаасаа хоёр өдрийн өмнө Бээжинд дахин айлчилж, Си Зиньпинтэй уулзсан билээ. Удирдагч ямар нэгэн чухал шийдвэр, уулзалт хийхээсээ өмнө Си Зиньпинтэй уулзаж, зөвлөгөө авдаг нь ТОДОРХОЙ юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин