Улаанбаатар
Эрх баригчдаас ХАРИУ НЭХСЭН хүлээлт
10 өдөр

Намрын ээлжит чуулган сар хүрэхгүй хугацааны дараа нээлтээ хийнэ.  Хаврын чуулган завсарласан наадмын өмнөх өдрүүдээс эхлээд намрын чуулган эхлэх хүртэлх хугацаанд гишүүд  амарч, сувилуулж, тойрогтоо ажиллаж, хууль тогтоолын төсөл дээр ажиллаж өнгөрүүлдэг.  Гишүүдийн сонгогчдодоо өгсөн гарын бэлг торйогтоо ажилласныг нь  тодотгож, цахим сүлжээгээр сайшаал гэхээсээ шүүмжлэл дагуулан хөвөрч байна лээ.

 

Уг нь гишүүдийн гарын бэлэг сонгогчидтой хийх уулзалтын хаалтын арга хэмжээ байсан байлтай. Уулзалт арга хэмжээний үеэр өнгөрсөн хаврын чуулганаар  парламент ямар хууль тогтоол баталсан, төр, засгаас нийгмийн асуудлаар ямар ямар шийдвэр гаргасан, баталсан хуулиудын хэрэгжилт ямар байгаа, цаашлаад тойрогт тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн гээд олон олон асуудлыг хэлэлцэж, ярилцсан байлтай.

 

Ер нь гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд сонгогчид, олон нийттэй уулзаж, парламентаас баталсан хууль, тогтоолын сурталчлан ухуулах, хэрэгжилтийг хянах үндсэн үүрэгтэй.   Харин олон нийтийн сүлжээнд ихэвлэн гарын бэлэгнүүд нь  онцгойрч, олны анхаарал татдаг гэмтэй. Ер нь  гишүүдийн  энэ үйлдлийг шүүмжилж байгаа ч хуулиараа хориотой бус басхүү бэлгэнд дургүй нэгэн гэж байдаггүйтэй холбоотой биз.

 

Хаврын чуулган завсарлахтай зэрэгцээд ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг нэр бүхий гишүүд шаардсан. Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий 26 гишүүний гарын үсэгтэй “АТГ-ын даргыг огцруулах, “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол хийх тухай УИХ-ын ээлжит бус чуулганыг  хуралдуулах санал замын дундаас замхарсан гэхэд болно. Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахад гишүүдийн 3/1 буюу 26 гишүүн гарын үсэг зурсан байх хуулийн заалттай. Гэвч Л.Оюун-Эрдэнэ нараас ирүүлсэн саналд 22 гишүүн гарын үсэг зурсан байсныг УИХ-ын дарга М.Энхболд албаны хэвлэлээрээ дамжуулан онцолж, хуульд заасны дагуу гишүүд хандвал ээлжит бус чуулганыг хуралдуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.  Ямартай ч гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбум”-ын асуудлаар уучлал гуйж, МАН-ын хяналтын хороонд бичиг хүргүүлсэн,  мөн хаагдаад байсан энэ хэргийг прокурор дахин сөхөхөөр болж байна” гэсэн мэдээллийг хийснээр түр намжаад байгаа.

 

Ээлжит бус чуулганыг хуралдуулах асуудлыг сөхөхөд гишүүн О.Баасанхүү “Стандарт” банкны барьцаанд байгаа  “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой хэргийг хэлэлцэж, төр, засаг шийдвэр гаргах хэрэгтэй  гэсэн байр сууриа хэлж байсан.

 

Цаашлаад чуулганы завсарлагааны хугацаанд Монгол-Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчайг Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлах оролдлого гарч, ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрч,  төмөр замын осол зэрэг нийгмийг цочроосон хэргүүд ар араасаа гарлаа.  Засгийн газраас ЗТХ-ын сайд, дэд сайд,  Төрийн нарийн бичгийн дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлж, сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг, дэд сайдаар Л.Халтарыг томилоод байна.

 

Дээрх асуудлуудтай холбогдуулан сөрөг хүчнээс  УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлээд байгаа. УИХ дахь АН-ын бүлэг “Төрийн бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй, назгай үйл ажиллагааны улмаас сүүлийн үед нийгмийг цочроосон, бухимдуулсан асуудлууд шил даран гарч байна. МАН-ын үнэмлэхгүй олонхи болсон 64 гишүүн УИХ-ын сонгуулиар ард түмэнд өгсөн амлалтаа умартан, тооцоо судалгаагүй, эргэж буцсан олон шийдвэр гаргаж ард түмний нуруунд хүнд ачаа үрүүлсээр бүрэн эрхийнхээ буюу тал хугацааг  өнгөрөөлөө. Асуудалд гал унтраах төдийхнөөр хандаж, цөөн хүнд хариуцлага хүлээлгэсэн байдлаар олны анхаарлыг сарниулж хариуцлагаас зугтах гэсэн Засгийн газрын оролдлогыг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна. Эрх баригчид УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулж Монгол төрийг сулруулж, чадамжгүй болгож байгаа 60 тэрбумын асуудал, Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, удаа дараалан алдаагаа давтаж, хариуцлагагүй ажиллаж буй У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлуудыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж байна. УИХ ээлжит бус чуулган хуралдуулж Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, бас шаардаж байна” гэдгээ мэдэгдсэн.   Сөрөг хүчний шаардлага мэдэгдлийн хариуг хүргүүлсэн талаарх мэдээлэл мөн л хараахан гараагүй байгаа, магадгүй эрх баригчид хуулийн хугацаанд нь тулгаж  шийдэлтэй ч байж мэднэ.

 

Энэ чуулганы завсарлагааны хугацаанд  олны анхаарлын төвд байсан бас нэг асуудал нь Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль. УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг чөлөөлснөөр  нэг суудлын орон гарсан.  Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тогтоолыг УИХ баталсан ч Үндсэн хуулийн зөрчилтэй гэсэн иргэний маргаан үүссэн билээ. Намрын чуулгантай зэрэгцэн явагдах УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт явуулах тогтоол ҮХЦ-ын дунд суудлын хуралдааны шийдвэрээр түдгэлзээд байгаа билээ. УИХ 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг ҮХЦУ гаргагасан. Тодруулбал, УИХ нөхөн сонгууль товлон зарлахдаа, “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн ҮХЦ дүгнэж,  УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм. УИХ-ын  нөхөн сонгуулийг хаврын чуулганы сүүлийн долоо хоногт, эсвэл намрын чуулганы эхэнд товлон зарлах заалттай. Тиймээс Хэнтийн  42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль хуулиараа наанадаж 2019 оны зургадугаар сар хүртэл хойшлоод байгаа билээ. Хэрвээ энэ хугацаанд Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарлан явуулбал, нэг жилийн бүрэн эрхтэй эрхэм сонгогдоно. Басхүү хуулинд бичигдээгүй ч “сонгуулийн жилийн өмнө нөхөн сонгууль явуулдаггүй” гэсэн бор шувуу  нисч байна.


Үнэндээ, эрх баригчид   МАН-ын даргын “унаган тойрог”  Хэнтийд  УИХ-ын нөхөн сонгууль явуулах асуудлаар гарц биш гацаа үүсгэн гэдгийг  ажиглагчид онцолж байгаа. Учир нь үнэмлэхүй олонхи энэ удаагийн нөхөн сонгуульд бүдрэх магадлал өндөр байгааг судалгаа бус нийгмийн өнгөөр тандах хангалттай.

 

Эдүгээ хичээлийн шинэ жил эхэлсэн ч багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, зарим сургуулиуд сурагчдадаа  хаалгаа нээгээгүй, ажил хаялт зарласан. Хэдийгээр Засгийн газар  төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувь хүртэл нэмж, есдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх шийдвэр гаргасан ч МҮЭ-ийнхэн  багш нарын  шаардсан,  гурван талын зөвшилцсөн хэмжээнд цалинг нэмээгүй хэмээн мэдэгдэж, Засгийн газар “өр тавьж, цалин нэмж чадахгүй гэдгээ тайлбарласан.

 

Ийнхүү  нийгэм, улс  төрийн эрээвэр хураавар асуудлууд энэ зуны халуун өдрүүдэд ширүүхэн өрнөлөө.  Тиймээс удахгүй эхлэх намрын чуулганаар  шийдэл, шийдвэр хүлээсэн асуудлуудад эрх баригчид ямар хариу өгөх бол гэдэг нийгмийн анхаарлын төвд байна.

 

 Өнөөдөр парламентад нэг суудлын орон гарч, Засаг нэг сайдаа огцруулсан, төр нь ч, засаг нь ч “элэг бүтэн” бус байгаа.   Хугацаа нь хуулиараа холдсон нөхөн сонгууль, сайдын томилгоо намрын чуулганы эхэнд хэлэлцэгдэнэ. Энэ удаад сайдын томилгоо мөн л "давхар дээл"-тэй байх нь гэсэн мессэж нэгэнтээ хөвөрсөн. Томилгооны асуудал бүлэг, фракцууд "хүн"-ээ шахаад эхэлсэн.  Ер нь эрх баригчдыг эрх ашиг л "эвлүүлж" байна. Түүнээс бус намдаа байтугай парламетын бүлэгтээ талцсан эрхмүүд "эвлэлдэн нэгдэх"-д  цаг хугацаа шаардагдана. Гэхдээ төрийн эрх барих бүрэн эрх хугацаатай  ч гадарлах биз. 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
ds:
uursdiin tulmaa tomsgohiin tuluu bol uriig hemjeegui tavij chadna ,irged bolon bagsh ,emch ,suvilagch nariin tuluu bl ur tavij chadahguiee gej sangiin said helsen shuu odoo eldev suult jagsaalaa boli ! zugeer l ulsuud hogoo tuugeed zasgaa hairlaad suuj baildaa .
2018-09-11
Иргэн:
Хүрэлсүхийн ЗГ огцрох нь тодорхой болжээ. МАНАН-гийн хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй нөхдийг яаж ч чадахгүй нь ойлгомжтой.
2018-09-10
Энэ нам Хүрэлсүхээ огцруулж байж бүх хүндрэлээсээ гарна даа
2018-09-10
Bugd ijilhen ulaan ylaanii aluur zuuchihjee bas.
2018-09-10
Hurelsuh namiinhaa nuhdiig araas ni hutgalsnaas hoish ene nam uudluhuu bsan ugaasaa. Neriig ni soliod neg samarsan odoo Zasagaa unagaaj hoyor dahia samarch bna. Iim l namiin dargatai nam daaa hahahahaha
2018-09-10
зочин:
Засгийн газар боломжийн ажиллаж байна шүү, Одоо харин том төслүүдээ хөдөлгөж иргэдийн орлогыг нэмэгдүүлхэд анхаарах хэрэгтэй шүү
2018-09-10
Ер нь эрх ашгийн төлөө хагаралдаж байгаа болохоос Ард түмний төлөө тэгэхгүй лдээ
2018-09-10
Benzin nemeed bhiin
2018-09-10