Америк тулаанч Оросын орон нутгийн зөвлөлд сонгогджээ
2018-09-11

АНУ-ын холимог тулааны тамирчин Жефф Монсон 2016 онд иргэншлээ сольж, ОХУ-ын иргэн болохыг хүссэн билээ.

 

 

Уг хүсэлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн тавдугаар сард хүлээн авч, Монсонд иргэншил олгосон юм.  Жефф Монсон зодгоо тайлсан ба өнгөрсөн хугацаанд спорт клубт дасгалжуулагчаар ажиллаж байжээ.

 

Тэрбээр хоёр сарын өмнө ОХУ-ын Красногорск хотын орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн юм.

 

Өдгөө 47 настай Монсон уг сонгуульд “Нэгдсэн Орос” намаас нэр дэвшжээ. Гэхдээ тус намынхан орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын 47.9 хувийн санал авч, Монсон автоматаар ялалт байгуулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв. 

 

Монсон “Хүүхдүүдтэй ажиллах гайхалтай төлөвлөгөө надад бий. Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих төслөөс эхлээд  олон төслийг эхлүүлэхээр зэхэж байна. Би Оросын ард түмэнд хайртай” гэж хэлжээ.

 

Тамирчин эр АНУ-ын улстөрийн бодлогыг хүчтэй шүүмжилдэг юм. Тэрбээр 2001 онд ОХУ-д анх удаагаа ирж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин