Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын чуулган болно
2018-09-11

Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.  Чуулга уулзалтад зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, ЗГХЭГ-ын Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хорооны дарга С.Цэрэндэмбэрэл нар оролцож мэдээлэл өглөө.

 

 

“Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-аар хилийн чанадад амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, монгол сургууль, монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжих болон гадаадад оршин сууж буй иргэдийн хилийн чанадаас эх орныхоо хөгжил дэвшилд  оруулах хувь нэмэр, боломж зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх юм байна.

 

Чуулга уулзалтын хүрээнд “Хилийн чанад дахь монгол иргэдийн эрх зүйн орчин, нийгмийн асуудлууд”, “Гадаадад боловсрол эзэмшсэн болон суралцаж буй  монгол оюутнууд”, ”Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн монгол хэл, соёлын дархлаа” сэдэвт салбар хуралдаанууд болон “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” сэдэвт нээлттэй өдөрлөгийн болно.    

 

“Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-нд оролцохоор 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 100 монголчуудын холбоо, ТББ-ын төлөөлөл, төрийн болон олон улсын тусламжийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод зэрэг нийт 160 гаруй зочид, төлөөлөгчид оролцоно.

Shuud.mn
Сонин хачин