Путины найрсаг саналаас Япон ТАТГАЛЗАВ
2018-09-13

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин газар нутгийн маргаантай байгаа Япон улстай энхийн гэрээ байгуулах санал гаргасан талаар “TASS” агентлаг болон “www.mainichi.jp” сайт мэдээллээ.

 

 

ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын Эдийн Засгийн Чуулган өнөөдөр ХӨШГӨӨ хаана. Тус чуулганы өргөтгөсөн хуралдаан өчигдөр зохион байгуулагдаж, уг уулзалтад оролцсон таван орны тэргүүн нар үг хэлж, өөрсдийн байр сууриа хүргэжээ.

 

Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин газар нутгийн маргаанаас болж, дайсагнасан харилцаатай байдаг Японы эрх баригчдад хандан мэдэгдэл хийсэн нь олны анхаарал татлаа. Путин хоёр улсын Засгийн газрын хэмжээнд яригдаж буй газар нутгийн маргааныг эцэслэх, энхийн гэрээг ямар ч болзолгүйгээр үзэглэх гэнэтийн саналыг тус хуралдаанд оролцсон Японы Ерөнхий сайд Шинзо Абед тавьжээ.

 

Кремлийн тэргүүн “Энхийн гэрээг одоо бус, энэ оны эцсээр ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр байгуулах санал гаргаж байна. Энхийг гэрээг байгуулж, дайсагнасан харилцаагаа нөхөрсөг харилцаагаа солих цаг иржээ” гэж мэдэгдлээ.  Путины гэнэтийн мэдэгдэлд цочирдсон Абе “Энэ бол маш чухал асуудал” хэмээжээ.

 

Дээрх асуудлаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Москва, Токио энхийн гэрээ хэлэлцээрийг үр дүнтэй, найрсаг байдлаар үргэлжлүүлэн явуулах болно” гэж мэдэгдэв.

 

Ерөнхийлөгч В.Путин ирэх оны зургаадугаар сард Япон улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийнэ. Энэ үеэр хоёр улсын удирдлагууд энхийн гэрээг байгуулж магадгүй хэмээн олон нийт үзэж байна. Песков “Айлчлал товлосон хугацаандаа болно. Гэхдээ айлчлалын үеэр хоёр улсын дундах маргааныг эцэслэх гэрээг байгуулахгүй” гэж хэлжээ.   

 

Путины гэнэтийн бас цочирдом мэдэгдэлд Токио хэрхэн хариу өгөх нь олны анхаарлыг зүй ёсоор татсан.

 

“Хойд нутгийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, зохицуулах хүртэл ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахгүй. Энэ байр сууриндаа манай улс БАТ байх болно” хэмээн Японы Засгийн газрын Ерөнхий сайдын нарийн бичгийн дарга  Йошихиде Суга мэдэгдлээ.

 

Тэрбээр хэвлэлийнхэнд “Москвагийн байр суурь тодорхойгүй байна. Бид уг асуудалд гол анхаарлаа хандуулан, анхааралтайгаар ажиглана. Зөвхөн маргааныг эцэслэж, газар нутгийн асуудлыг хойш тавих магадлалтай. Москвагийн бие даан гаргасан шийдвэрийг Япон улс хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн цохон тэмдэглэв. Японы Гадаад хэргийн яамны албан тушаалтан “Ерөнхийлөгч Путины хэлсэн үгэнд эргэлзэж байна. Энэ эрхмийн хэлсэн үгийн нарийн учрыг сайн ойлгохгүй байна. Энэ асуудлыг хялбараар шийдэх боломжгүй. Цаг хугацаа их шаардлагатай” гэсэн бол Японы Засгийн газрын албан тушаалтан “Путины мэдэгдэл нэг талыг барьсан. Тэрбээр бие даан шийдвэр гаргаж, Японы байр суурийг үл хүндэтгэлээ” гэж мэдэгджээ.

 

Курилийн арлууд ОХУ-ын хяналтад байдаг ч өмнөд үзүүрийн дөрвөн арал болох  Итуруп, Кунашир, Шикотан, Хабоми арлын төлөө Японтой ЗӨРЧИЛДСӨӨР ирсэн.

 

Нефть, асар их загас агнуурын нөөцтэй энэ арлуудыг Токио өөрийн эзэмшлийн хэмээдэг. Япончууд өнөөг хүртэл арлуудыг нь Орос хүчээр булаан авсан хэмээн буруутгадаг юм.

 

Москва “Курилийн арлууд нь дэлхийн II дайны дараа ЗХУ-ын дараа буюу ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон. Олон улсын эрхзүйгээр баталгаажсан, албан ёсоор ОХУ-ын эх газрын нэгээхэн хэсэг. Эдгээр цуврал арал дээрх ОХУ-ын бүрэн эрхт байдалд эргэлзээ байхгүй” гэж мэдэгджээ.

 

ОХУ-ын эрх баригчид өмнө нь “Арлуудыг хуваан эзэмших” санал гаргасан ч Токио эрс татгалзсан түүхтэй. Токио “Газар нутгаа бусадтай хуваах сонирхол байхгүй. Цаг хугацаа шаардлагатай ч бид бүгдийг эргүүлж авна” гэж хариу мэдэгджээ.

 

Японы тал 2013 онд ОХУ-тай уг асуудлаар хэлэлцээр хийхийг хүссэн ч тодорхойгүй шалтгаанаар уг асуудал ГАЦСАН билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ygyi bolichih ni biz dee albatai bish... muu japanuudiin ynen nyyr tsarai ni garch baina.
2018-09-13