Германы хотод Мөрөнгийн гудамж нээгджээ
2018-09-14

 

Бранденбург муж улсын Барут/Марк хот болон Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот нь 2011 оноос эхлэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгаа юм. Энэ хугацаанд Мөрөн хотод мэргэжлийн сургалтын төв байгуулах, бохир ус цэвэршүүлэх байгууламж төлөвлөх, дунд сургуулийн сурагчдыг цэвэр усаар хангах зэрэг олон ажил хийгдсэн байна. Мөн Барут/Марк хотоос түншдээ түргэн тусламжийн болон гал сөнөөгч автомашин бэлэглэжээ.

 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Мөрөн хотын засаг дарга Ц.Гансүх, ИТХ-ын дарга Б.Нямдаваа, Засаг даргын орлогч Ц.Баттогтох болон хувийн хэвшлийн нийт 12 төлөөлөгчийн хамт Барут/Марк хотод айлчиллаа. Айлчлалын үеэр Бранденбург муж улсын Хог боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байна. Мөн түнш хотдоо Мөрөнгийн гудамж нээх үйл ажиллагаанд оролцлоо.

 

Барут/Марк хот шинээр орон сууцны бичил хороолол байгуулж байгаа бөгөөд  тэнд байрлах шинэ гудамжийг Монгол түншийнхээ нэрээр Мөрөнгийн гудамж буюу “Muruner Straße” гэж нэрлэх болсон байна. Нээлтийн арга хэмжээ 2018 оны 9 дүгээр сарын 7-нд болж, Барут/Марк хотын оршин суугчид, Мөрөн хотын төлөөлөгчид, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбат тэргүүтэй ЭСЯ-ны төлөөлөл, бусад зочид оролцлоо. Мөн ХБНГУ-д болон БНЧехУ-д суугаа  “мөрөнчүүд” энэхүү баярт мөчийг хамт тэмдэглэхээр зорин иржээ.

 

Нээлтийн үеэр Мөрөн хотоос ирсэн төлөөлөгчид Барут/Марк хотод бэлэглэсэн монгол гэртээ Хөвсгөл аймгийн хүнсний үйлдвэрлэлийн дээжээр ширээ засч, түнш хотын оршин суугчдаа дайллаа. Барут/Марк хотын оршин суугчид аарц, жимсний шүүс, цай, монгол архи, органик жимсний чанамал, боов боорцог, хуушуур зэрэг Монгол идээг амтархан хүртэж, халуун дотно орчинд цагаа сайхан өнгөрүүллээ.

 

Монгол Улс ХБНГУ-тай 1974 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд нөхөрлөл найрамдлын олон жилийн түүхтэй ард түмнүүд.  1990-ээд онд хоёр улсад болсон улс төр нийгмийн өөрчлөлтөөс хойш ч боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа, соёлын харилцаа зэргийг маш идэвхтэй хөгжүүлж ирсэн. Засаг захиргааны нэгжийн анхны түншлэл Улаанбаатар, Бонн хотын хооронд 20-иод жилийн өмнө бий болсон түүхтэй. Одоогийн байдлаар хоёр орны зургаан засаг захиргааны нэгж түншлэлийн хамтын ажиллагааг амжилттай  хэрэгжүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
Эрдэнэ:
Тэнд монголоор нэг үсэг нэг нэр байнуу?
2018-09-14