Австраличуудыг зүү нуусан гүзээлзгэнэ түгшээж байна
2018-09-17

Австралийн эрх баригчид зах, худалдааны төвүүдээр худалдаалагдаж буй гүзээлзгэнэ жимсэнд зүү нууж, иргэдийг амь нас болон эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй этгээдийг орон даяар эрэн сурвалжиж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Гэмт этгээдүүд зүгээр ч нэг гүзээлзгэнэд зүү нуухгүй байгаа гэнэ. “Олон тооны хэрэглэгчтэй зургаан компанийн гүзээлзгэнэд зүү нуусан” талаар орон нутгийн цагдаагийнхан онцлов.

 

 

Уг үйл явдлын улмаас иргэд болгоомжлон, тус жимсийг худалдан авахаа зогсоож, жимсний худалдаачид ихээхэн хохирол амсах болжээ. Зүү нуусан гүзээлзгэнэ худалдан авсан олон хохирогч байна. Эдгээрийн нэг нь зүү залгисан ба өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм.

 

Австралийн гурван мужид зүүтэй гүзээлзгэнэ худалдан авсан долоон тохиолдол бүртгэгдсэн талаар албаныхан батлав.

 

Австралийн гүзээлзгэнэ үйлдвэрлэгчид жилд 130 сая ам.долларыг халаасладаг байна.

 

Күинсланд мужийн эрх баригчид жимсний борлуулалтаараа бусад мужаа тэргүүлдэг билээ. Эрх баригчид “Күинсланд мужийн нэр хүндэд халдах, орлого бууруулах хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Хэрвээ уг хорлон сүйтгэх ажиллагааг зохион байгуулсан этгээдийг талаарх үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнд 70 мянган ам.долларын шагнал өгнө” гэж мэдэгдэв.

 

Уг мэдээллийн дараахан зах, дэлгүүрийн эзэд хяналтын камер шүүж, гэмт этгээдийг АНГУУЧИЛЖ эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин