Өнгөрөгч бямба гарагт буюу есдүгээр сарын 15-ны 10.00 цагаас эхлэн Улаанбаатар даяар цахилгаан тасарч, урд хожид гар утасгүй, интернетгүй, цахилгаангүй, гэрэлгүй хэрхэн амьдарч ирснийг эргэн санууллаа. “Нээрэн ингээд л огт цахилгаангүй болчихвол яах вэ” гэж бодохоос түгшмээр, төвөгшөөмөөр санагдав.
Цахилгаан тасарсан даруйд манайхан “Дөрөвдүгээр цахилгаан станц дэлбэрсэн гэнэ. Хүн гэмтэж гэнэ. Айхтар дэлбэрэлэлт болсон тул хоёр гурван сарын хугацаанд тоггүй байна”. “Лаагаа ав”. “ОХУ эрчим хүчээ хэмнээд манай улсад дахиж цахилгаан өгч чадахгүй болсон гэнэ” гэх мэтээр худал ташаа мэдээллийг бие биедээ түгээж 24 цаг ч хүрэхгүй хугацаанд “амьдрах итгэлгүй” болтол цуурч байгаа юм. Түүнд нь итгэх хүн ч олон юм. “Үнэн гэнэ шүү. Бусаддаа түгээ” хэмээн цахим хуудсаараа хуваалцаж, зарим нь бүр “ДЦС-ын ажилчид ажил хаясан гэнэ” хэмээн хүртэл цуураад авсан.
Сэлгэн залгалт хийгдэх үед станц зогссон болохыг албаны хүн хэлжээ. Улаанбаатар хотын хэмжээнд тухайн өдрийн 10.00 цагаас эхлэн цахилгаан тасарсан. Нийслэлийн төвийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг бүхэлдээ цахилгаангүй болсон. Албаныхны мэдээлснээр гэмтэл гарсан даруйд Дулааны IV цахилгаан станцаас эрчим хүч авдаг хэсгийг Дулааны III цахилгаан станцад шилжүүлсэн боловч III цахилгаан станц нь ачааллыг даалгүй хот бүхэлдээ цахилгаан тасарчээ. Улаанбаатар хот нэлдээ цахилгаангүй цаг орчим үргэлжилсний дараа хотын төв хэсэг болох Төрийн ордныг тойрсон албан газар, аж ахуйн нэгжүүдэд, эмнэлэг, цагдаа, онцгой зэрэг газрууд цахилгаанаар хангагдаад эхэлсэн. Улмаар 15.00 цагийн орчимд Нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийг цахилгаанаар хангаж ажилласан.
Тэгэхээр үнэн хэрэгтээ “ДЦС-IV" ТӨХК-д осол гараагүй, ОХУ бол бүр ч хамааралгүй аж. Өнөө ажил хаясан гэх станцын хэдэн ажилчид хэрэглэгчдээ цахилгаанаар хангахаар цаг наргүй ажилласаар өнөөдөр /2018.09.17/ цахилгаан хэвийн ажиллаж, айл бүрийн цонх гэрэлтэй байна.
Цахилгаангүй нэг өдөр
Цахилгаан тасарсныг далимдуулж ижий, аавдаа очихоор хөдөө явахаар гэрээс гараад автомашиндаа бензин хийх гэтэл шатахуун түгээх станцуудын ихэнхи нь “Тоггүй” гэдэг бичиг наасан байлаа. Хайж хайж шатахууны шар гэрэлээ улалзуулан явсаар гэрээс нэлээд зайтай орших колонкоос шатахуун дүүргэж авлаа. Ижий, аавдаа очиж “Сүүтэй цай чануулж, цуйван хийлгэж идье” хэмээн хошуу дэвсэх гэтэл утас цэнэггүй унтарчихаж. Хүний утсаар холбогдох гэтэл сүлжээ тасалдсан бололтой харилцуурын цаанаас дийд...дийд гэх аж.
Замын түгжрэл ажлын өдрүүдийнхээс ч их байх бөгөөд гэрлэн дохио ажиллахгүй, зохицуулалтгүйн улмаас мөргөлдсөн, шүргэлцсэн жолоочид хэрхэхээ мэдэхгүй хий дэмий л маргалдаж зогсооно харагдана. Аав, ээждээ “хотын” чихэр авахаар дэлгүүр ортол “Тог байхгүй карт уншихгүй” гэнэ. Картнаасаа мөнгөө гаргаад авах гэхээр бэлэн мөнгөний машинууд ажиллахгүй...Банк бас хаалттай.
Ийм нэгэн мөнгөтэй ч үрж болохгүй, авч болохгүй өдрийг өнгөрүүлж үзлээ. Эцэст нь амьдрал мөнгөн дээр тогтдоггүй. Харин хүний амьдралд цахилгаан ус агаар мэт хэрэгтэй болохыг их л мэдэрлээ. Тэгээд учирч болох эрсдэлд үргэлж бэлэн байж, аливаад “нөөцтэй” байх ёстой гэдгийг ухаарлаа.
Г.Сүрэн