Бодит сургалт ЗӨВ ойлголт
2018-09-18

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран эцэг эх, хүүхэд багачуудад зам тээврийн осол, хэрэг гарах шалтгаан нөхцөл, зам тээврийн ослын хор уршиг, түүнээс үүдэн гарах хор хохирол, гэмтэл бэртлийн талаар болон үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөн аюулгүй, зөв оролцох талаар бодит “ҮЗҮҮЛЭН СУРГАЛТ”-ыг өчигдөр /2018.09.16/ зохион байгууллаа.

 

Уг сургалтад Зам, тээврийн хөгжлийн яамны гадна байрлах авто зогсоолыг тусгайлан бэлтгэн тохижуулж, ерөнхий боловсролын сургуулийн 5,6 дугаар ангийн нийт 200 орчим хүүхэд оролцсон бөгөөд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Асашёорюү Д.Дагвадорж, СТА жүжигчин Э.Цолмонбаяр нар хамтран хөтлөн явууллаа.

 

Замын хөдөлгөөнд оролцогч дундаас хамгийн эмзэг нь “Хүүхэд” бөгөөд тэдэнд зам тээврийн осол, гэмтлийн хор уршиг, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлж, ярихаас илүүтэй үүнийгээ бодитоор, танин мэдэх, үйлдлээр харуулах нь хамгийн үр дүнтэй арга юм.  

 

Сургалт өнөөдөр /2018.09.17/ хоёр дахь өдрөө үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сургуулийн урд замд 14:00 цагаас нээлттэй явагдана. Иймд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч хүүхэд багачуудынхаа хамт хүрэлцэн ирж, сургалтанд хамрагдах боломжтой юм. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Замын хөдөлгөөний дүрмийн заалт шаардлагыг Монгол улсын нутагт нийт иргэд дагаж биелүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ нь зөвхөн жолоочийн дүрэм, үүрэг гэж үздэг сэтгэлгээ түгээмэл байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлж байна. Явган зорчигчид гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарах, гэрлэн дохио зөрчих, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, автобуснаас буугаад зогсож байгаа тээврийн хэрэгслийн урдуур зам руу орох, зорчих хэсгээр согтуу явах зэргээр тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал их байна.

 

Он гарсаар эхний 8 сарын байдлаарх тоон үзүүлэлтийг үзвэл улсын хэмжээнд нийт 18663 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигчийн буруутай үйдлийн улмаас 390 осол бүртгэгдсэний 327 нь буюу 84% нь нийслэл хотод бүртгэгджээ.

 

Түүнчлэн осол, хэргийн улмаас амь насаараа хохирсон хүний 73 нь буюу 21,3% нь явган зорчигч байгаа нь өндөр үзүүлэлттэй тоо бөгөөд явган зорчигчдийн хөдөлгөөнд оролцох сахилга, соёлыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

 

Мөн хичээл эхлэх, тарах цагаар нийслэл хотын гудамжаар хүүхдээ хөтөлсөн эцэг, эхчүүд дүрэм зөрчиж улаан гэрлээр гүйх, гарцгүй газраар явж байгааг бид бүгд харж байна. Иймд үр хүүдүүдийнхээ сайн сайхан, аюулгүй ирээдүйн төлөө хайхрамжгүй, хэнэггүй зангаа хаяж дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг энэхүү сургалтаар уриалж байлаа. 

 

Зам тээврийн ослыг бодитоор үзүүлэн сурталчилсан нь хүүхэд, багачуудад замын хөдөлгөөнд оролцох дүрэм журмыг энгийнээр тайлбарлах нөхцөл болсон гэдгийг сургалт хамрагдсан сургуулийн сурагчид хэлж байсан юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин