Хөдөлгөөний ачааллыг бууруулах дараагийн арга хэмжээ нь ачаа, барааны түгээлтийн дунд, том оврын машинуудыг өдрийн цагаар хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байх явдал. Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар уг ажлын явцын талаар "Борлуулалт, түгээлтийн автомашинуудыг 3.5 тонн хүртэлх болон түүнээс дээш, чиргүүлтэй тээврийн хэрэгсэл хэмээн ангилж, бүсчлэлээр цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах санал боловсруулсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зохицуулалтыг мөрдүүлнэ" гэсэн юм.
Одоогоор ажлын хэсгийнхэн борлуулалт, түгээлтийн машиныг 21.00-07.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулж байх санал гаргаад буй юм. Гэвч түргэн муудах бүтээгдэхүүн хүргэдэг автомашиныг 12.00 цаг хүртэл явуулж өгөөч гэсэн санал зарим иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлжээ.
Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү энэ талаар "Уг асуудлыг сайтар судлах хэрэгтэй. Бид Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран түгээлтийн машинуудад байршил тогтоогч суурилуулж, хяналт тавих боломж бүрдүүлэх талаар ярилцсан. Ийм боломж бий гэсэн. Ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг нь суулгаж, ажил хэрэг болгоно. Мөн хотын зах орчмоор цагийн хязгаарлалт тогтоохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хэрэв бүхэлд нь хязгаарлалт тогтоовол иргэд, аж ахуйн нэгжүүд микро автобус болон суудлын автомашинаар ачаа, бараагаа зөөж мэднэ. Хэрэв ингэвэл замын хөдөлгөөний ачаалал буурахгүй. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас маршрут гаргасан" гэлээ.
Уншиж байна |