Сэтгэлийн дулаантай өглөө
2018-09-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх аюулын дохио хангинасан жиндүүхэн өглөө биднийг угтлаа. Гудамжны сандал дээр хийсч унасан навчсыг цас дарсан нь, өмнө алхах бүсгүйн цувны хормой үе үе салхинд дэрвэх нь хөнгөхөн гуниг төрүүлнэ. Анхны борооноор ирж яваа цагийн урь мэдэрч, баясдаг бол анхны цаснаар “Ингээд л өвөл болчихлоо” гэхээс эрхгүй бодолд автдаг.

 

Хэд хоногийн өмнөөс л цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ хөвөрч, Улаанбаатарт есдүгээр сарын 19-ны 20.00 цагаас их хэмжээний нойтон цас орно гэдгийг цаг уурын байгууллагаас мэдээллэсэн. Хүйтэрнэ, цас орно гэх мэдээг сонсох бүрийд “Эвий нөгөө Батмөнх ахын гурван нялх үр даарах байхдаа” гэхээс өр эмтэрч байв.

 

Есдүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч Батмөнхийн таван ханатай гэр шатсан. Гал түймэрт гэр нь юу ч үгүй шатаж, Батмөнх дөрвөн сартай нялх үр, 14 настай болон хоёр, гурван настай бяцхан охид, 80 гарсан хөгшин ээжтэйгээ амьдрах газаргүй болчихоод байв. Гэр нь шатсанаас гадна гэргий нь бурханы оронд одоод удаагүй байгаа.

 

Түүний уй гашууг хуваалцсан сэтгүүлчийн сурвалжлагын мөрөөр Монголын ард түмэн Батмөнхөд туслах хандив тусламжийн аян өрнүүлж цас орохоос урьтаж хоногийн дотор таван ханатай дулаан гэр барьж өгчээ. Мөн хандивын аяны хүрээнд 20 гаруй сая төгрөг цуглараад байгаа аж. Хандивын мөнгөөр бяцхан охидтой Батмөнхөд нэг өрөө байр авч өгөхийг зорьж буй юм байна.

 

Цасан шуурга шуурсан энэ өглөө ажилдаа ирэхдээ баахан даарсандаа “бээрсэн” бодлыг минь Монголчуудын сэтгэлийн сайхан дулаацууллаа. Эвий минь энхрий бяцхан үрс нь дулаан гэртээ, тухтай хоноо байх даа. Ээжээсээ өнчирч хоцорсон дөрөвхөн сартай нялх үр нь сүү орлуулагч бүтээгдэхүүндээ гэдэс цадаж, халуу дүүгсэн гэртээ хацар нь ягаарч үнэгчилж хоноо биз.

 

 

Батмөнхөд одоо итгэл дүүрэн, сэтгэл тэнэгэр амьдрах  боломж бүрэн нээгдлээ. Баярлалаа Монголчууд аа. Хэрсүү бяцхан хүүхдүүд нь сайн цагийн эхлэл болох болтугай.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сайхан сэтгэлтэй МОНГОЛЫН АРД ТҮМЭНД мэхийе. Уг нь уужуухан сэтгэлтэй, өрөвч түмэн шүү дээ.
2018-09-22
unshigch:
ene hyyhdyyded tusalsan saihan setgeltei hymyyst ih bayarlalaa.
2018-09-20
Manaihaaaaaaaaan gej:
iiiiiiiim l ARD TUMEN deeee Mongolchuud. BAYRLAAD Barshgui. Tur , Zasag gej daaaaaanch hereg algaaaaaa. Yaaaaah beeeeee??????
2018-09-20
dorjgotov:
ivii dee ger orontoi bolj
2018-09-20