Сахарын цөлд ХАНА барих Трампын МӨРӨӨДӨЛ
2018-09-20

Далай мэт зутгах мексикчүүдээс АНУ-ыг хамгаалах зорилгоор Цагаан ордны тэргүүн Дональд Трампын тушаалаар хоёр улсын хил дээр ХАНА босгож буй юм.

 

 

Тэрбээр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тусгаарлах хана барихаа амласан ба уг амлалт ялалт байгуулахад нь гол үүргийг гүйцэтгэсэн гэхэд болно. Трамп Сахарын цөлд тусгаарлах хана барих мөрөөдөлтэй гэнэ. Сахарын цөл АНУ-ынх биш учир Трамп, Испанийн эрх баригчдад санал болгосон талаар “www.washingtonpost.com” сайт мэдээллээ.

 

"Сахарын цөлд хана барих нь Африкийн дүрвэгсдээс Испанийг хамгаалахад нь тусална" гэж Ерөнхийлөгч Трамп мэдэгдсэн талаар Испанийн Гадаад хэргийн сайд Жозеп Боррел уламжлав. Уг яриа хэзээ, хаана болсныг сайд хэлэхээс татгалзжээ.

 

Ойрхи Дорнод, Хойд Африк дахь зөрчил мөргөлдөөн хяналтаас гарч, олон сая дүрвэгчид Газар дундын тэнгисийг гатлан Испанийн хилийг хууль бусаар давж байна.

 

Энэ оны эхний зургаан сарын байдлаар Испанид 30,000 дүрвэгч хууль бусаар иржээ. Испанийн зорин ирэх хууль бус цагаачдыг Морокко улсын иргэд тэргүүлдэг гэнэ.

 

Сайхан амьдралд хөтлөгдөн хөгшин Европыг чиглэн ирэх дүрвэгсдийн тоо нэмэгдэх тусам дүрвэгсэд эрүүл мэнд, амь насаараа хохирох нь нэмэгджээ. Зөвхөн энэ онд 2,000 дүрвэгсэд Газар дундын тэнгист осолдож, амь үрэгдсэн гэнэ.

 

Испанийн эзэн хаан VI Филип, хатан Летизиа нар өнгөрсөн зургаадугаар сард Вашингтон хотноо айлчилж, Цагаан ордонд зочилсан билээ. Уг айлчлалын үеэр хоёр улсын удирдагчид дээрх тусгаарлах хана барих асуудлаар ярилцсан хэмээн олон нийт үзэж байна.:

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин