Тусгай сургууль, цэцэрлэгийн орчныг аюулгүй болгоно
2018-09-20
Гэрэл зургийг MPA.mn

 

 

Нийслэлийн тусгай сургууль, цэцэрлэгийн сурагчдын сурч боловсрох болон амьдрах орчин нөхцөл хангалтгүй байгааг мэргэжлийн байгууллагууд болоод иргэд ч хэлдэг. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яамны санаачлагаар иргэн, аж ахуй нэгжүүд нэгдэн тусгай сургууль цэцэрлэг орчмын орчин нөхцлийг сайжруулах аяныг эхлүүлжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, 29 дүгээр сургуулийн захирал Б.Баярсайхан нарын албаны хүмүүс өнөөдөр /2018.09.20/  мэдээлэл хийлээ.

 

Сүхбаатар дүүрэг, 100 айл орчимд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 2 сургууль, 2 цэцэрлэг байрладаг. Эдгээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн амьдрах орчин нөхцлийг сайржуулах аянд зарим аж ахуй нэгжүүд 25 сая төгрөг хандивлажээ.

 

Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд “Сүүлийн жилүүдэд зам тээврийн ослын тоо, ослоос учирч буй хохирлын хэмжээ дорвитой буурахгүй байгаа. Тийм учраас зам тээврийн ослын гаралтыг бууруулахаар нэлээдгүй ажил хийж байна. Тухайлбал сургууль орчмын аюулгүй байдлыг тохижуулахаар энэхүү аяныг эхлүүллээ” гэв.

 

Тус аяныг дэмжиж хийлч Ч.Дэлгэрцэцэг, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц, “VTV” телевизийн сэтгүүлч Болдко, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү нар дуу хоолой болон ажиллаж буй юм байна.

 

УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү “Та бүхэн бидний энэхүү аяныг дэмжихийг хүсвэл фэйсбүүкийн “Дөрвөн бэрх хөгжил” хуудсанд нэгдээрэй. 100 айл орчимд тусгай хоёр сургууль, хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тус сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахаар ийнхүү нэрлэсэн байгаа” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“VTV” телевизийн сэтгүүлч Болдко “Монгол Улсад сүүлийн 3-4 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 400 гаруй хүүхэд амь насаа алджээ. Харин дайнтай бүсэд оршдог Улсад жилд 200 гаруй хүүхэд нас барсан байна. Гэтэл Монгол Улсад дайнтай улстай ижил буюу хоёр дахин их хүүхэд зам тээврийн ослоор нас барж байгаа нь үнэхээр харамсалтай” гэж хэллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
100 айлын барилгын материалын худалдааг цэгцэлж орчиныг хэвийн болгоно гээд байсан яасан бэ!Больсон уу ?. Машинаар байтугай явган явах ч боломжгүй болсон газар.Дүүргийн эмнэлэг, Ахмадын эмнэлэг 29-р сургууль ...гээд олж очиход хэцүү болсон газрууд байх бололтой.
2018-09-23