Ч.Энхболд: Эхлээд атгаад үз, жинхэнэ чулуу сэрүү татуулна
2018-09-20

"Урлан" буландаа уран бүтээлч Ч.Энхболдыг урилаа. Тэрээр эрдэнийн чулууны дархан мэргэжилтэй юм байна. 

 

 

Эрдэнийн чулууны дархан гэхээр их сонирхолтой санагдаж байна. Тань шиг мэргэжилтэй хүн Монголд ховор байх аа?

 

-Монгол Улсын хэмжээнд надтай нийлээд гурван хүн бий. Б.Алтандөш ах Америкт амьдардаг. Харин Гэрэлээ гэж бүсгүй Сорьцын хяналтын төвд байцаагч хийдэг юм  билээ. Харин мэргэжлээрээ тууштай ажиллаж байгаа нь би бололтой.

 

Ямар онцлогтой мэргэжил вэ. Яагаад ийм содон мэргэжил сонгох болов?

 

-Би Хөвсгөл аймгийн уугуул. Багаасаа жуулчдад гар урлалын бүтээл хийж зардаг байлаа. 14 настайгаасаа Хятадаас чулуу авчирдаг болсон. Гэвч энэ нь хуурамч  гэдгийг мэдээд, жинхэнэ чулууг судалж эхэлсэн. Судлах тусам эрдэнийн чулуу, энэ мэргэжлийг сонирхож, мэргэжилтэн болохоор шийдсэн.  Энэ хүсэлдээ хөтлөгдөөд Тайланд, Энэтхэгт эрдэнийн чулуу засалтын технологийг сурсан.

 

Тэгэхээр үнэт чулууны талстуудыг судалж, бүтээл хийдэг гэж ойлгож болох уу?

 

-Талстыг нь засдаг. Монголд энэ чиглэлийн судлал гэж байхгүй. Тиймээс энэ урсгалыг хөгжүүлэх юмсан, хүмүүст мэдээлэл өгөхийг зорьдог. Олон залуус энэ урлагийг судалж, түгээн дэлгэрүүлээсэй. Их сонирхолтой шүү.

 

Эрдэнийн чулуу Монголд хэр элбэг байдаг вэ. Түүхий эдээ ихэвчлэн хаанаас авч байна?

 

-Түүхий эдийнхээ 65 хувийг эх орноосоо, үлдсэнийг нь гаднаас авдаг. Турмалин, нил ягаан болор гээд чамин чулуунууд Хэнтий болон говийн аймагт бий.  Түүхий эдийг хайна гэ­дэг геологичийн ажил. Харин засна гэдэг эрдэнийн чулууны дарханы ажил. Зарим хүн алт мөнгөний дархантай андуурах нь бий. Бид түүхий эдийг зөвхөн талст, шигтгээ болгож засдагаараа өөр.

 

Турмалин чулуу их үзэсгэлэнтэй харагдаж байна. Гялтганаад л?

 

-Турмалины түүхий эдийг Хэнтий аймгаас авсан. Миний гарт ирэхдээ танд харагдаж байгаа шиг ийм үзэсгэлэнтэй ирдэггүй. Бид том машинд хийж, алмазан ирээр градусын тусламжтай гэрлийн ойлт, туяарлуудыг нь засч янзалдаг. Чимхлүүр ажиллагааны дараа л үзэсгэлэнтэй болж хувирдаг.

 

Хүмүүс их үнээр хуурамч чулуу авчихлаа гэж ярьдаг. Жинхэнэ чулууг хэрхэн таньж авах вэ?

 

-Эхлээд катигорыг нь мэддэг байх ёстой. Чулууг хагас эрдэнэ, үнэт эрдэнийн чулуу гэж хоёр бүлэгт хуваадаг. Хагас эрдэнийн чулуунд хаш, мана гээд хөөрөг хийдэг чулуунууд ордог. Эдгээр нь үнийн хувьд харьцангуй хямд, байгалиас гарч буй өгөгдөл нь том. Харин үнэт эрдэнийн чулууны өгөгдөл  байгалиасаа их жижигхэн гардаг. Тэгэхээр өндөр үнэтэй. Чулууг авахдаа эхлээд ат­гаад үз, жинхэнэ чулуу сэрүү татуулна. Дараа нь шүдээрээ мэ­дэр. Хуванцраар хийсэн чулуу зөөлөн мэдрэгддэг.

 

Өөрт ивээлтэй чулуу зүүвэл сайн гэх ойлголт хүмүүсийн дунд байдаг. Энэ нь хэр үнэнтэй нийцдэг юм бол?

 

-Ивээлтэй чулуу гэж бий. Тухайн хүнийг ямар од, гаригийн эрхшээлд төрснийг одон орон судлаачид гаргадаг. Нэг хүнд нэг л ээлтэй чулуу байдаг. Гэхдээ тэр нь үнэт эрдэнийн чулуу байх ёстой. Гэтэл манайхан чулууны тухай мэдлэггүй болохоор хэд, хэдэн чулуу хослуулах, хагас эрдэнийн чулуу зүүх нь элбэг ажиглагддаг.

 

Жишээлбэл би нэгдүгээр сард төрсөн. Надад ямар чулуу ээлтэй вэ?

 

-Нэгдүгээр сард төрсөн хүнд анар чулуу ээлтэй. Улаан анар их үзэсгэлэнтэй. Энэ чулууны түүхийг эдийг Говь-Алтай аймгаас авч болно. Анарыг дотор нь техникийнх, гоёлынх гэж ангилдаг. Техникийн анарын хувьд их тунгалаг. Энэ төрлийн чулууг засдаггүй. Зөвхөн гоёлын анар чулууны талстыг л засдаг онцлогтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ГАНТУЛГА

Shuud.mn
Сонин хачин