Энэ долоо хоногт болох ТАВАН чухал ҮЙЛ ЯВДАЛ
2018-09-24

Их Британийн “ВВС” агентлаг шинэ долоо хоногт болох чухал таван үйл явдлыг онцолжээ.

 

Худалдааны дайн

 

 

Юу болох вэ?

 

АНУ-ын Засаг захиргаа БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн импортын татвар ноогдуулахаар боллоо.

 

Яагаад чухал вэ?

 

Зөвхөн энэ онд АНУ, БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд гурав дахь удаагаа импортын татвар ноогдуулж байна. Ирэх оноос импортын татварын хэмжээг 25 хувь болгож, нэмэгдүүлэхээр эрх баригчид шийдвэрлэсэн юм.  

 

АНУ зүгээр ч нэг бараануудад импортын татвар ноогдуулаагүй. Хамгийн эрэлттэй тавилга, ариун цэврийн хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авчээ. Иргэд хүссэн зүйлээ авахын тулд их мөнгө төлөхөөр боллоо.

 

АНУ-ын компаниуд татварын нэмэгдлээс болж, ажилчдынхаа тоог багасгах болно. Худалдааны дайнаас болж ажилгүйдэл нэмэгдэх эрсдэлтэй байна.

 

20 жилийнхээ ойтой золгож буй “GOOGLE”

 

 

Юу болох вэ?

 

АНУ-ын Сан  Франциско хотноо өнөөдөр “GOOGLE” хайлтын системийн 20 жилийн ойг тэмдэглэх юм.

 

Яагаад чухал вэ?

 

“GOOGLE” 20-хон жилийн хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үнэ цэнэтэй компаниудын нэг болж чадсан. Энэхүү хайлтын систем асар их хугацааг хэмнэх боломжийг бидэнд олгосон юм. Ларри Пейж, Сергей Брин нар далай мэт материалыг цахим ертөнцөд оруулж, улмаар цахим хайлтын хувьсгалыг нээсэн юм.

 

Сая сая хүн уг хайлтын системийн өдөр тутамдаа ашиглаж, ажлаа шуурхай амжуулж байна.

 

Удирдагч Нью Йорк хотноо чуулна

 

 

Юу болох вэ?

 

АНУ-ын Нью Йорк хотноо маргааш дэлхийн олон орны удирдагчид чуулж, НҮБ-ын уулзалтад оролцоно.

 

Яагаад чухал вэ?

 

Чуулга уулзалтын үеэр удирдагчид улс орныхоо өмнө тулгарч буй асуудлыг хэлэлцдэг. Мөн удирдагч олон улсад шаардлагатай тэргүүлэх чиглэл ба зорилгоо тодорхойлж, баталдаг уламжлалтай. НҮБ-ын гишүүн орон бүр өөрсдийн хэтийн төлөвлөгөөгөө бусад орны удирдагчдын сонорт хүргэдэг.

 

Дэлхийн өнцөг булан болж буй мөргөлдөөн, хүчирхийлэл, өлсгөлөн гэх мэт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар алхам хийх шаардлагатай талаар удирдагчид НҮБ-ын индрээс бусдад хүргэдэг.

 

Энэ жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин болон Мьянмарын Төрийн зөвлөх, Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Чи нар уг чуулга уулзалтад оролцохгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нар уулзахаар тохиролцжээ.

 

Агаарын тээврийн АЖИЛ ХАЯЛТ

 

 

Юу болох вэ?

 

Агаарын тээврийн “Ryanair” компанийн ажилчид НЭГ өдрийн ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Яагаад чухал вэ?

 

“Энэ нь хамгийн томд тооцогдох агаарын тээврийн компанийн ажил хаялт” хэмээн албаныхан мэдэгдэв. Тус компанийнхан ажил хаяхаа мэдэгдсний дараахан олон зуун нислэгийг цуцалжээ.

 

“Агаарын тээврийн компанийн ажил хаялт зохион байгуулах нэгдлийн холбоо”-ноос энэ сарын 26-нд ажил хаяна гэж мэдэгдэв.

 

Ажилчид цалингаа нэмүүлэх, урамшуулал олгох, ажлын ачааллыг бууруулах зэрэг шаардлага тавьсан ч удирдлагууд хүлээн авахаас татгалзсан гэнэ.

 

Аль их сургууль ШИЛДЭГ болох вэ 

 

 

Юу болох вэ?

 

Дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалт болох “Times Higher Education World University”-ийн дүн энэ сарын 26-нд гарна.

 

Яагаад чухал вэ?

 

Энэ бол маш нөлөөтэй жагсаалт юм. Гэхдээ уг жагсаалтад олон нийт эргэлздэг. Их дээд, сургуульд буй сурагчид оюутнууд энэхүү жагсаалтыг шалгаж, үнэлэлт ба дүгнэлт хийх хэрэгтэй.

 

Өнгөрсөн онд уг жагсаалтын “ТОП 5”-т Оксфордын их сургууль, Кембрижийн их сургууль Станфордын их сургууль, Харвардын их сургууль, Принстоны их сургууль багтжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин