Мадуро аюулгүй байдлаа үл тоон, НҮБ-ын чуулганд оролцохоор болжээ
2018-09-27

Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон Тэргүүн хатагтай Силиа Флорес нар АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын ерөнхий ассамблейн 73 дугаар чуулга уулзалтад оролцохоор болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр уг чуулга уулзалтад зүгээр ч нэг оролцохгүй ИЛТГЭЛ тавихаар болсон байна. Ерөнхийлөгчийн онгоц өнөөдөр Каракас хотоос хөдөлжээ. 

 

Мадуро "Би НҮБ-ын чуулга уулзалтад оролцохоор хөлгийн жолоо татлаа. Мөн НҮБ-ын индрээс Венеусэлийн байр суурийг нийтэд хүргэх болно" гэж мэдэгдэв. 
 

Тэрбээр улстөрийн хувьд тогтворгүй харилцаатай байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн уулзаж, ярилцах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

НҮБ-ын чуулга эхлэхээс өмнө Мадуро өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовниж, уг уулзалтад оролцохгүй гэж мэдэгдэж байв.

 

Учир нь энэ сарын эхээр түүний амь насанд халдах гэсэн оролдлого гарсан юм.

 

Венеусэл улсад 2014 онд эдийн засгийн хямрал нүүрлэж, улмаар 2.3 сая иргэн орон гэрээ орхин, улсаасаа дүрвэхэд хүрчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин