Нидерландад халдахыг санаархсан бүлэг этгээдийг баривчилжээ
2018-09-28

Нидерландын цагдаагийнхан Арнем хотноо тусгай ажиллагаа явуулж, халдлага үйлдэхийг санаархсан 21-34 насны долоон этгээдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Нэгжлэгээр тэдний сууж явсан машинаас “АК-47” автомат буу, тэсрэх бөмбөг зэргийг олж, хураан авсан гэнэ.

 

Тэд хил давж, террористуудтай нэгдэхээр төлөвлөж байсан хэмээн буруутгажээ.

 

“Баригдаад буй этгээдүүдийн нэг 34 настай эрэгтэй Иран гаралтай ба 2017 онд алан хядах “Исламын улс” бүлэглэлд элсэхээр шийдвэрлэж, өнгөрсөн хугацаанд өөрийн багаа бүрдүүлсэн” гэж Прокурорын ерөнхий газраас уламжлав.

 

Түүнийг гол сэжигтэн хэмээн албаныхан нэрлэлээ. Тэрбээр мэдүүлгийнхээ үеэр “Нидерландад тун удахгүй маш том зүйл болж, олон хүн хохирох болно” гэж хэлсэн гэнэ.

 

Тэднийг Нидерландын нийслэл болон томоохон хотуудад террорист ажиллагаа зохион байгуулахаас гадна улсын өндөр хамгаалалтай бүс нутагт тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлэхээр төлөвлөж байхад Терроризмын эсрэг баг амжилттай илрүүлжээ.

 

Терроризм ба аюулгүй байдлын үндэсний зохицуулагч “Аюул бидний дэргэд ирлээ” гэж мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин