Их хүлээлттэй намрын улс төр ирэх долоо хоногт эхэлнэ
2018-09-28

 

Ирэх долоо хоногоос улс  орны тэр дундаа улс төрийн хүрээнд халуухан өдрүүд үргэлжилнэ.  2017 оны намрын чуулган нээлтээ хийж,  хаврын чуулганаас хойш гадаалсан улс төрчид хууль боловсруулах үндсэн ажилдаа орно.  Их хүлээлтээр үргэлжилсэн энэ намрын чуулган хэлэлцэхээр баталсан хууль, тогтоолын төслүүдээс гадна  нэмэлтээр шуурхай шийдвэрлэн хэлэлцэх хуулийн цаг хугацаатай асуудлууд ч ээлжээ хүлээж байгаа.

 

Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол явуулах,  төмөр замын осол, Турк сургуулийн захирлыг хулгайлсан үйлдэл, Эрдэнэтийн 51 хувийг Английн арбитрийн шүүхээр шийдвэрлэсэн хэрэг гээд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг  УИХ дахь АН-ын зүгээс болон Б.Оюун-Эрдэнэ нарын гишүүд удаа дараа шаардаж, албан бичиг хүргүүлж байсан. Гэвч шаардлагад хариу тайлбар хүргүүлснээс  бус ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуулийн үндэслэл бүрдээгүй гэж үзсэн. 

 

Үүнээс гадна  УИХ-ын тогтоолыг ҮХЦ түдгэлзүүлснээр Хэнтий аймагт явагдах нөхөн сонгууль явуулах тов хойшлогдсон. ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ чуулганы хуралдаантай үед 15 хоногийн дотор, чуулганы завсарлагааны үед гарсан бол хавар, намрын чуулган эхлэхнээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх заалттай. Тиймээс намрын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэнэ. ҮХЦ-ийн дүгнэлтийг  хүлээж авах эсэхээс үл хамаарч Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн тов хуулиараа ирэх зургадугаар сард явагдахаар байгаа.

 

Чуулганы завсарлагааны хугацаанд  ЗТХЯ-ны Газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Нийгмийг цочроосон энэ хэргийг эдүгээ хуулийн байгууллага шалгаж байгаа юм.  Засгийн газрын зүгээс ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Цогтгэрэл,  Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Шадар сайд Ө.Энхтүвшинг салбарын сайдын үүрэг гүйцэтгэгчээр тохоон ажиллуулж байгаа билээ. Тиймээс УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд ЗТХ-ийн сайдын томилгоо зүй ёсоор хэлэлцэгдэнэ.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн ажлын айлчлал энэ долоо хоногт өндөрлөнө. Тиймээс  Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх ЗТХ-ын сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, сайдад нэр дэвшигчийг УИХ-д оруулах юм.  Ерөнхий сайд  У.Хүрэлсүх  Засгийн газрын танхимаа 100 хувь парламентаас бүрдүүлсэн. Энэ удаад ч сайдад нэр дэвших эрхэм парламентаас томилогдох с ураг чих дэлсэж байна лээ. Харин дараагийн сайдаар томилогдох эрхэм “давхар дээл”-тэй байх уу, “дан дээл”-тэй нэгэн байх уу гэдэг ажиглагчдын анхаарлыг татаж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Азербайжан улсад  хийж байгаа ажлын айлчлал өнөөдөр өндөрлөж байгаа. Тиймээс тэрбээр намрын чуулганы нээлтийн өдөр буюу ирэх даваа гаригт эх орондоо ирсэн байна.  Ерөнхийлөгч чуулганы нээлтэд тааваараа оролцох эрхтэй гэж бүрэн эрхийн нь хүрээний асуудалд заасан байдаг. Мөн үг хэлэх нь ч өөрийн нь мэдлийнх.  Энэ удаагийн намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэх магадлалтай гэж ажиглагчид тааварлаж байна.  Учир нь чуулганы завсарлагааны хугацаанд үүссэн асуудал, тэр дундаа цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан багш нарын ажил хаялттай холбоотой  ЕТГ-аас  Засгийн газарт санал хүргүүлсэн. Уг саналд Засгийн газар төсвөө хэмнэж, зарим албан тушаалыг хумьж, баялгийн зөв хуваарилалт хийснээр багш нарын цалинг нэмэгдүүлэх бололцоотой гэдгийг тусгасан байна лээ.

 

Намрын чуулганаар ирэх оны улсын төсөв, мөнгөний  бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх баталдаг. Үүнд ч Ерөнхийлөгчийн болоод сөрөг хүчний зүгээс байр сууриа илэрхийлэх байх.  Намрын чуулганы нээлтэд эрх баригчид руу чиглэсэн шаардлага, шүүмжлэл  ширүүхэн өрнө гэж ажиглагчид харж байна.

 

Ямартай бүрэн эрхийн хугацааныхаа гурав дахь намраа угтаж байгаа энэ парламент ирэх өдрүүдэд  улс төр, нийгэм, эдийн засагт чиглэсэн ямар бодлого, шийдвэр гаргахаас улс орны ирээдүй ч хамаарах юм.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
DORJOO:
HUULIIG GUULI BOLGOSON HUULI HUCNII BAIGUULLAGUUDIIN UDIRLAGUUDIIG SOLIHOOS AJLAA EHEL.
2018-10-01