Ц.Нямдорж: ҮХЦ-ийн гишүүдийг гүтгэхээ боль
2018-10-02

 

Хуульзүйн байнгын хороо хуралдаанаар УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Хэнтий аймгийн УИХ-ын  42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг ҮХЦ хэлэлцээд Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн гэж үзсэн түдгэлзүүлсэн юм. УИХ-ыг төлөөлж ҮХЦ-ийн хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан оролцсон юм. Тэрбээр гишүүдийн асуултад хариуллаа.Гишүүн Б.Пүрэвдорж дээрх асуудалд "МАН ҮХЦ-д хөндлөнгөөс нөлөөллөө" гэж шүүмжлэлтэй хандаж байлаа. Үүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд УИХ-ыг төлөөлж ҮХЦ-ын хуралдаанд оролцсон. Бид гаргасан хуулийнхаа хүрээнд  УИХ-ынхаа тогтоолыг баталсан. 14 хоногийн дотор сонгуулийг зарлана гэж Сонгуулийн хуулинд заасан байсан. ҮХЦ-д очоод нөлөөлсөн зүйл байхгүй. Манай тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй. Харин Үндсэн хуулинд заасан асуудлыг барья гэж хэлсэн. Айж, эмээсэн гэдэг нь улстөржилтийн уянгын халилтай үг байх. Хэн ялж гарч ирэхийг хэн мэдлээ.

 

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар:

 

-Төрийн албан хаагчийн хувьд сонгуулийн болохоос 6 сарын өмнө чөлөөлөгдөхөөр заасан. Харин нөхөн сонгуульд оролцох төрийн албан хаагч ажил,албан тушаалаасаа хэзээ чөлөөлөгдөхийг зааж өгөх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Бид ҮХЦ-ийн дүгнэлт гарснаас хойш энэ хуулийг судалж байна. Ерөнхийлөгчийн, Сонгуулийн, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн боловсрууллаа. Хуулийн төслүүдийг Засгийн газарт явуулсан. Хэлэлцүүлэг явуулахад гишүүд идэвхтэй оролцож өгөөч гэж хүсэх байна. ҮХЦ-ийнхэн “УИХ-ын ээлжит сонгууль дээр төрийнхөн сонгогдох эрхээ эдэлж болж байна. Нөхөн сонгууль дээр хаалт хийж байна” гэсэн асуудлыг тавьж байна. Нөхөн сонгуулийн үед төрийн албан хаагчид нэг сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөх төслийг бид бэлтгэж байгаа. Манай энэ тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж аваад хуулиндаа өөрчлөлт хийх хэрэгтэй юм биш үү. Тэгээд төрийн албан хаагчийг сонгууль зарлагдсанаас гурван сарын өмнө ажлаас нь чөлөөлдөг заалт оруулъя.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэж АН, МАН ч ярьж байна. Өнөөдөр яагаад цэцийн гишүүд  МАН-д үйлчилдэг болчих воо. Баримттай ярих хэрэгтэй. Үүнийг сануулж хэлье. Сонгуулийн 2012 оны хууль бол  АН эрх барьж байх үедээ баталсан. Энэ үед төрийн албан хаагчид хязгаар тавьж, хориг тавьсан хууль баталсан. Гурван хууль нэгтгэсэн явдал буруу.  Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Өөрсдөдөө улс төрийн давуу байдал олгох гэж үүнийг хийсэн. Жаахан цадигтай байхыг та бүхэнд уриалъя. ҮХЦ-д МАН захиалчихлаа гээд гүтгэхээ боль. Б.Пүрэвдорж оо, чи жаахан даруухан байж үз. ҮХЦ-ийн гишүүдийг гүтгэхээ больчих.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Гурван тусдаа хуулийг нэгтгээд сонгуулийн хуулийг яарч сандраад баталсны горыг бид амсаж байна. ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахгүйгээр сонгуулийг явуулах саналтай байна.

 

Ингээд гишүүд асуулт тавьж,  үг хэлсний дараа ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээр санал хураалт явуулж байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин