ДБ: Монголын эдийн засгийн төлөв цаашид ч сайжирна
2018-10-04

Дэлхийн Банкнаас хагас жил тутам гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тойм тайланг өнөөдөр танилцууллаа. Тус тайланд Дэлхийн Банкнаас гаргаж буй бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тойм, дүгнэлт болон хувьсан өөрчлөгдөж буй гадаад нөхцөл байдалд авах бодлогын зөвлөмжүүдээс гадна Монгол Улсын эдийн засгийн шинэчилсэн судалгааг тусгажээ.

 

Хэвлэлийн хуралд ДБ-ны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ерөнхий эдийн засагч Судхир Шэтти, Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч болон Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жон-Паскаль Нгану, эдийн засагч Ш. Алтанцэцэг болон Б. Даваадалай нар оролцов.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гадаад нөхцөл байдал харьцангуй тааламжгүй болж байгаа хэдий ч Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн төлөв эерэг хэвээр байна хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нүтгийн эдийн засгийн шинэ тайланд онцолсон байна. Тус бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2018 онд 6.3 хувиар тэлнэ хэмээн таамагласан нь 2017 оны өсөлтийн үзүүлэлтээс доогуур байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн тэнцвэр, зүй тогтол өөрчлөгдөж байгаагаас улбаалан тус улсын өсөлт саарсантай холбоотой.

             

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн жижиг эдийн засгуудын хувьд өсөлтийн төлөв эерэг сайн байгаа бөгөөд Камбож, Лаос, Монгол, Мьянмар зэрэг орнуудад эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2018-2020 онуудад 6-аас доошгүй хувьтай байх тооцоолол хийгдсэн байна.

 

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тогтвортой байж, ГШХО нэмэгдэн, бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор эдийн засаг 2018 оны эхний хагаст 6.3 хувиар өсөв. Төсвийн үзүүлэлтүүд үргэлжлэн сайжирч, 2017 оны эхний хагаст ДНБ-ий 0.8 хувийн алдагдалтай байсан төсөв энэ оны мөн үед ДНБ-ий 2.8 хувийн ашигтай гарсан. Үүнд нүүрс, зэсийн экспортын гүйцэтгэл харьцангуй сайн байсан, мөн Засгийн газраас зээлийн хүүгийн төлбөрийг бууруулах, шинэ ажлын байрыг царцаах, гүйцэтгэл муутай улсын хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх зэргээр зарлагыг хянаж байсан зэрэг хүчин зүйл нөлөөлөв. Төсвийн тэнцэл ийнхүү дорвитой сайжирч байгаа нь Засгийн газрын өр 2018 оны эхний хагаст буурахад нөлөөлсөн хэмээн үзлээ.

 

Монголын эдийн засгийн өсөлтийн төлөв цаашид ч мөн сайжирч, 2018 онд 5.9 хувь, 2019 онд 6.6 хувьд хүрэхээр байна. Энэ нь хувийн хэрэглээний өсөлт, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбар дахь хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбоотой. Гэсэн хэдий ч богино болон дунд хугацаанд улс төрийн тодорхойгүй байдал бий болох, түүхий эдийн үнэ хэлбэлзэх, хил дээр учирч болзошгүй саад тотгорууд нь экспортод нөлөөлөх болон мөнгө угаахтай холбоотой асуудлуудыг бүрэн шийдвэрлэхгүй байх эрсдэлүүд учирч болзошгүйг цаашид анхаарах хэрэгтэйг Дэлхийн банкны төлөөлөл хэлж байна.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Уг нь яг үнэндээ Монгол улс эдийн засгийн асар өндөр боломжтой баян орон юм шүү дээ.
2018-10-04