Ч.Хүрэлбаатар: Төсвийн алдагдлыг зээл авч төлөхгүй
2018-10-04

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны улсын төсвийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг танилцуулсан юм. Ирэх оны  төсвийн тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9,7 их наяд буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11,6 их наяд  төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -1,9 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувь байхаар тооцжээ. Ирэх онд Засгийн газар “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Өмнө нь олон төсөвтэй байсан. Дур дураараа олон төсөв бий болгосон. Зээлийн зарцуулалтыг үнэлгээ хийх зорилт хэрхэн хэрэгжсэн бэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Монгол Улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Төсөв ил тод зарцуулагдаж байх ёстой. Мэдээлэл ил тод байх ёстой. Төсвийн тодотгол хийхгүй гэж хатуу байр суурь баримталж байгаа. Өмнө нь төсвийг жилд удаа дараа тодотгож байснаас өр нэмэгдүүлсэн. Зээл авчаад  сураггүй болсон асуудлыг Хөгжлийн банкинд шилжүүүлсэн. Гэхдээ Сангийн яам зээлээ төлөөгүй болсон асуудлын араас явна. У.Хүрэлсүхийн Засгийн газар гадаадаас нэг ч ам.долларын зээл аваагүй. Бид төсвийн алдагдлыг зээл авч төлөхгүй.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

 

-Төсөвт тавигдаад хэрэгжихгүй байгаа асуудлыг яах вэ. Яамдууд бодлого хэрэгжүүлэх үү, тендэр зарлаад байж байх уу. Өнгөрсөн жил орон нутагт эрхийг нь шилжүүлнэ гэсэн. Гэтэл сайдууд төсвөө хав дараад сууж байна. Тэгээд худалдан авах, санхүүгийн дарга нар ажил уяад байна. Миний тойрогт гэхэд 62 дугаар сургуулийн хүүхдүүд хохироод сууж байна, боловсролын сайд аа. Гурван ээлжээр орж байгаа 5000 хүүхдийн асуудал яригдаж байна. Төсөв батлагдсан хэрнээ ажил нь явахгүй байна.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Тендэр шалгаруулалтын явц, байдал Засгийн газрын хуралдаан болгон дээр ярьж, сануулж ажилладаг. Тодорхой асуудал гардаг. Зураг төсөвгүй тендэр зарлагдсан. Газар нь шийдэгдээгүй гэх мэт хүндрэлүүд байсан.  Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт 33.7 хувьтай байна.  Сангийн яам ямар нэг санхүүжилт ирэхэд материал бүрдсэн бол 48 цагийн дотор гаргаж байгаа.

 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

 

-БСШУСЯ-нд 272 орчим ажил хуваарилагдсанаас бодит шалтгаанаар хойшлогдсон ажил дотор танай ярьсан сургууль багтаж байна. Төлөвлөхдөө тооцоолоогүйн улмаас хойшлогдсон. Гурван тэрбум төгрөгөөр энэ ажлыг хийх боломжгүй учир компаниуд ороогүй. Бодит шалтгааныг нь та өөрөө сайн мэдэж байгаа. Барилга,байшин барих нь хүүхдийн тоглоом барихтай адилгүй. Н.Учрал гишүүнийг гайхаад байна. Тантай энэ асуудлаар байнга ярьсан. Төсвийн хууль бол хууль. Гурван тэрбум төгрөг гэсэн дүнтэй асуудлыг 6.5 тэрбум гэж өөрчилж болохгүй.

 

Энэ салбарт та ажиллаж ирсэн. Таны гэр бүл холбоотой ирсэн хүний хувиар зөвлөгөө байвал нөхөрсгөөр хандаач.  Зөвшөөрөл, лиценз авах, асуудлаа сунгуулах  болохоороо “ сайд аа” гэж  найрсаг гуйчихаад  ажил юунаас болж зогсчихоод байгааг мэдсээр байж  том том дуугараад байгаа үг, үйлдлийн зөрүү байгааг залуу хүний хувьд хэлье.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-2019 оны төсөв чухал төсөв. Эдийн засгийн өсөлт гарч, тодорхой түвшинд эерэг өөрчлөлт гарч байгаа. Бид хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ анхаарах ёстой. Хуримтлалын сан, Хүний хөгжлийн сангуудтай болсон. Энэ жилээс Ирээдүйн өв сангийн хөрөнгийн эхлэлийг бий болгож тавьж байгаа нь сайн хэрэг.

 

Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  2019 оны улсын төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ЗА ХЭЗЭЭ ЭНЭ ХҮРЭЛБААТАР АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЮМ ХИЙСЭН ЮМ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ САЙЖИРСАН ЮМ АЛГА ӨДӨР ИРХ ТУСАМ МӨНГӨ ЮУЧ БИШ ЦААС БОЛЖ БАЙГААН ХҮРЭЛБААТАРЫН ЧАДАМЖГҮЙ ТЭНЭГ ГЭДЭГИЙГ БАТЛААД БИТГИЙ ШОУД ХООСОН
2018-10-05
ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ 5 ЖИЛИЙН ДУНДАЖААР ТОГТООХООР САНАЛ ОРЖ БАЙХ ШИГ БАЙНА ЭНГИЙН ИРГЭДИЙН ТЭТГЭВЭР 2019 ОНООС 6, 202 ОНООС 7 ЖИЛИЙН ДУНДАЖААР ТООЦОХ НЬ ХЭВЭЭР ҮЛДЛЭЭ. ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР 80 ХУВААР , ЭНГИЙН ИРГЭДИЙНХ 45 ХУВИАР ТОГТООДОГ.20 ЖИЛЭЭС ДЭЭШ 1,5 -Р ҮРЖҮҮЛЭЭД ЯАГААД Ч 80 ХУВЬД ХҮРЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ.ЭНИЙГ АНХААРААЧ САЙДАА ,ЭНГИЙН ИРГЭДИЙНХ 6-7 ЖИЛЭЭР ТООЦОХООР МАШ БАГА ГАРНА
2018-10-04
ирээдүйн өв сан гээд овоо нөөцтэй болж байгаад баяр хүргэе дандаа гуйлгачингууд шиг явж ирлээ одоо бас үр хүүхдээ бодьё
2018-10-04