Ц.Мөнх-Оргил: Улаанбаатараас татан төвлөрүүлэх 280 тэрбум төгрөгийг нийслэлд нь үлдээе
2018-10-05

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар 2019 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.  

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-УИХ дээр Төвлөрлийг сааруулах том ажлын хэсэг гарсан. Бид энэ ажлын хэсгийг ажлаа хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх хэрэгтэй.  Төр нийт эдийн засгийнхаа 50 хувь дээр суучихаад байна.  Ирэх оны төсөв дээр урсгал зардал, гадаад дотоод томилгооны зардал шимэгдэж орж ирсэнгүй.  Хэвээр байна.  Зардлаа бууруулах болов уу гэж харж байна. Хэлэлцүүлгийн явцад үүнийг анхаарах  биз ээ.  Улаанбаатар хоттой холбоотой  280 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр тусгажээ. Энэ мөнгийг  нийслэлд  нь үлдээж, хөрөнгө оруулалт хийх бололцоог бүрдүүлэх хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

 

-Ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих чиглэлээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Зээлийн хүү өндөр байгаа нь бизнест тулгамдсан асуудал байгаа. Зээлийн хүү бууруулах чиглэлээр захиргааны зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд ямар вэ? Тухайлбал, хадгаламж өндөр байгаа учир зээлийн хүү өндөр байна. Тиймээс хадгаламжийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авбал ямар вэ. Гаднын банк оруулах  эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр зээлийн хүү буурах гол нөхцөл бүрдэнэ.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

 

-Ирэх оны төсөв бол хариуцлагатай төсөв гэж би бодож байна. Яагаад гэвэл ОУВС-гийн хөтөлбөрийн зорилтоо хангах жил. Цаашдаа Монгол Улс  олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтарч ажиллахаас аргагүй. Тийм учраас төсвөө ч, хөтөлбөрөө ч анхаарах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлж, эдийн засгийн үр шимийг дээшлүүлнэ гэсэн. 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс 40 хувь нь шилжиж байгаа, 60 хувь нь шинэ арга хэмжээнд зарцуулагджээ.  877 хөрөнгө оруулалтын шинээр эхлэх ажлын хэмжээ 2.4 дахин нэмэгджээ. Сангийн яам шахалтад ороод байна уу. Шинээр эхлэх гэж байгаа 570 объектийн 70 хувь нь зураг төсөвгүй объект байна. Ингэж зураг төсөвгүй объект нэмэгдэхээр дараа дараа жилдээ дарамт болно. Төсвийн бодлогоо оновчтой тодорхойлсон гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

 

-2019 оны төсөв хүндрэлтэй зүйл байгаа. Бид өнгөрсөн жилийн төсвийг батлахдаа хөнжлийнхээ хэрээр хөлөө жийнэ гээд л бодит орлогодоо тулгуурладаг. Гэтэл бодитой ажил хийгдэж чаддаггүй. Төрийн албанд 186 мянган төрийн албан хаагч байна. Улсын төсвийн 25 хувь нь зөвхөн цалингийн урсгал зардалдаа явж байдаг. Цалингийн зардал урсгал зардлын 25 хувийг эзэлж байна. Орон нутагт хөрөнгө оруулалтын эрх мэдлийг тодорхой хэмжээнд өгөхгүй бол татварын зарчимд нийцэхгүй байна. Орон нутагт хөгжил огт ч бий болдоггүй.

 

МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөг өгнө гээд байна. Үүнд 41 тэрбум төгрөг шаардагдана. Тал нь Хөдөлмөр эрхлэлтийн сангаас гарна. Энэ нь боловсролыг дэмжсэн зүйл биш. Маш их хуурамч сургууль бий болно. Энэ асуудлаар шалгалт хийж, олон ч хэрэг гарсан. Энэ бол бодлогын шийдэл биш. Мөн ЖДҮ-ийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд нийт 40 орчим сан байдаг. Ямар ч уялдаа холбоо байхгүй.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Сүүлийн үед малын тоо өссөн, экспорт байхгүй болсноос махны хэрэглээ нэмэгдсэн. Үүн дээр бид дэмжих цаг болсон. Атрын III аян гэж зарлаад компаниудад мөнгө өгдөг. Гэтэл арьс ширний үйлдвэр явцгүй байна. Учир нь арьс хямд өртөгтэй. Харин ноосны үйлдвэр сайн явж байгаа. Хятадууд махны бизнест орж ирж байна. Тиймээс махан дээр урамшуулал өгөх  хэрэгтэй байна. 

 

Ийнхүү гишүүд байр сууриа хэлж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Номтойбаяр ч амьдралаас дэндүү хол юм ярив
2018-10-05